ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй Ажлын баг энэ сарын 16-нд Замын-Үүд боомтын ажилтай танилцлаа. Энэ үеэр Монгол, Хятадын экспорт, импортын ачаа тээвэрийн нөхцөл байдалтай танилцаж, боомтыг хэвийн ажиллуулах талаар Дорноговь аймаг, Замын-Үүд сумын удирдлагууд, хувийн хэвшил, холбоодын төлөөлөгчидтэй санал солилцов.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар мөн энэ хугацаанд хятадын талын Эрээн боомтын ажилтай танилцаж, ӨМӨЗО болон Эрээн хотын удирдлагатай уулзсан байна. Замын-Үүд-Эрээн боомтын хилийн дундын бүсэд ажиллах 32 жолоочийг хятадын талтай тохиролцон Эрээнд нэвтрүүлж, тусгаарлалтын зардлын асуудлыг шийдвэрлэв.
Ажлын баг болон Дорноговь аймаг, Замын-Үүд сумын удирдлага 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Оуян Шяхуй тэргүүтэй хятадын талын албаны хүмүүстэй цахим уулзалт хийж, Замын-Үүд-Эрээн, Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын худалдаанд чухал боомтуудыг хэвийн ажиллуулж, экспорт, импортын барааны урсгалыг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцож, тохиролцоонд хүрэв.
Тухайлбал, Замын-Үүд-Эрээн боомтын өдөрт солилцох тээврийн хэрэгсэл, тээвэрлэлт хийж буй жолооч нарын тоог үе шаттайгаар нэмэхээр тохиролцов. Тодорхой хугацаанд тасалдаад байсан мах, ноолуур зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг монголын талаас хүлээн авахаар болж, цаашид тогтвортой үргэлжлүүлэх, жолооч нарыг монголын талд тусгаарлахгүйгээр зөвхөн БНХАУ-д 14 хоног тусгаарлахаар болсноо хятадын тал илэрхийлэв. Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал хүлээн авах гарцыг нэмж эдгээр бүтээгдэхүүний худалдааг аль болох нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэхээ хятадын тал илэрхийлэв.
Цаашид хоёр талын худалдааны эргэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ковид 19-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, халдвараас ангид “ногоон бүс” байгуулах, хил дамнасан тээвэрлэлтэд оролцогч иргэдийг халдварын эсрэг шинжилгээнд хамруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхээр тохиролцов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
монголын ЭМЯнд итгэхгүй бгааг харуулж бн.аргагүйшдээ халдвар дандаа хөсүт тусгаарлах байр эмнэлгүүдээс голомтлон бөөн бөөнөөрөө гарч бгаа юмчин