ОХУ-ын сноубордын долоон удаагийн аварга, Сочийн Олимпын наадмын оролцогч, сноубордын дэлхийн цомын медальт тамирчин Алексей Соболев ойд төөрөн, олон нийтийн сүлжээгээр дамжуулан тусламж хүссэн байна.
Кемерово бүсийн Шерегеш тосгоны ойгоор найзуудтайгаа аялж байсан тамирчин хоёр цагийн турш буцах замаа олж чадаагүй бөгөөд өөрийн Инстаграм хуудаснаа энэ тухай мэдээлжээ. Тэрээр "Аврагчдын утасны дугаарыг өгөөч. Бидний залгасан хүмүүсийн хэн ч утсаа авахгүй байна. Миний гар утасны цэнэг гурван хувьтай байгаа. Бид одоог хүртэл ойгоос гарж чадаагүй л байна" гэсэн бичлэг нийтэлсэн байна.
Тэгвэл удалгүй аврагчид төөрсөн бүлгийг олон, тосгонд аюулгүй хүргэсэн аж. Тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо тэд тосгоны зочид буудалд амарч байгаа гэж Шерегешийн захиргаанаас мэдээлсэн юм.
Сонирхуулахад, Шерегешийн цанын бааз нь Оросын хамгийн алдартай цанын бааз аж. Энд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс сая гаруй жуулчин ирдэг байна.
Эх сурвалж: iz.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.