Лондон хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжнуудтай ойролцоо амьдардаг есөн настай охин Элла Кисси-Дебра астма өвчнөөр нас барсны дараа Их Британийн шүүх эмнэлгээс түүний үхэлд тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын хэт бохирдол нөлөөлсөн гэж үзжээ.
Ингэснээр охины нас барсны гэрчилгээнд үхлийн шалтгааныг нь агаарын бохирдол гэж бичсэн бөгөөд энэ нь Их Британийн анхны тохиолдол болж байгаа юм.
Кисси-Дебра гурван жилийн турш бараг 30 удаа эмнэлэгт үзүүлэн, эмчлүүлснийхээ дараа 2013 оны хоёрдугаар сард нас барсан аж. Түүний ээж нь охиныхоо үхэлд агаарын бохирдол нөлөөлсөн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх гэж олон жил тэмцсэн байна.
Шүүх эмнэлгийн мэргэжилтэн Филипп Барлоу өнгөрөгч лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Элла Кисси-Дебра агаарын хэт их бохирдлоос үүдэлтэй астма өвчнөөр нас барсан. Агаарын бохирдол нь түүний астма өвчнийг өдөөж, цааш даамжруулахад чухал хувь нэмэр оруулсан хүчин зүйл болсон" хэмээн дүгнэжээ. Тэрээр мөн Элла охин нас барахаасаа өмнөх гурван жилийн хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаас давсан хэмжээтэй азотын давхар исэл болон тоосонцорт хордсон гэж тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.