Нью-Йоркийн эрчимт эмчилгээний сувилагч Сандра Линдси коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн АНУ-ын анхны хүн болжээ.
Тэрээр өнгөрөгч даваа гарагт Куинс дүүргийн Лонг Айландын еврейчүүдийн эрүүл мэндийн төвд "Pfizer-BioNTech" вакцины анхны тунг тариулсан байна. Вакцин хийлгэснийхээ тэрээр "Маш сайхан мэдрэмж төрч байна. Өнөөдөр миний сэтгэл амарч, итгэл найдвар төрч байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Линдсиг вакцинаа тариулж байгааг цахим шууд дамжуулалтаар үзэж байсан Нью-Йоркийн Засаг дарга Эндрю Куомо "Хатагтай Линдси бол Нью-Йорк мужид коронавирусийн вакцин хийлгэсэн анхны хүн бөгөөд АНУ-ын ч анхны хүн" хэмээн тэмдэглэжээ.
Тэрээр мөн цар тахлын эсрэг вакцинжуулалтын гарааг Куинс дүүргээс эхэлж байгаа нь зөв явдал гэдгийг онцолсон юм. Тус дүүрэг нь өнгөрсөн хавар халдварын анхны давлагааны голомт байсан бөгөөд гурав, дөрөвдүгээр сард коронавирусээс үүдэлтэй нас баралт хяналтаас гарсан тул дүүргийн эмнэлгүүд түр зуурын морг барих шаардлагатай болсон билээ.
АНУ-ын коронавирусийн эсрэг вакцинжуулалтын эхний үе шатаар вакцины гурван сая тунг тараах бөгөөд эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнууд болон асрамжийн газрын оршин суугчдыг хамруулах аж. Тус улсын 400 орчим бүс нутаг вакцинаа энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт хүлээж авах юм.
Эх сурвалж: Sky News