Амазон компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безосын салсан эхнэр МакКензи Скотт өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хөрөнгийнхөө дөрвөн тэрбум ам.долларыг хандивласан ажээ. Тэрээр яаралтай тусламжийн сангууд болон хүнсний нөөц тараах газруудаар дамжуулан бусдад сайхан сэтгэлээр тусалсан байна.
Өөрийн блогтоо цар тахлын улмаас хүнд байдалд орсон америкчуудад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн хэмээн бичжээ. Хатагтай Скотт дэлхийн 18 дахь баян хүн бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ энэ жил 23 тэрбум ам.доллараас өсч 62 тэрбум ам.долларт хүрчээ.
Дэлхийн хамгийн баян нөхрөөсөө салж дэлхийн дөрөв дэх баян эмэгтэйн байрыг эзлээд буй хатагтай МакКензи 380 гаруй хандивын арга хэмжээгээр дамжуулан 6,500 орчим байгууллагад тусалжээ. Долдугаар сард л гэхэд тэрээр 116 хандивын аянд 1,7 тэрбум ам.доллар өгсөн байна. Үүнийг нэмбэл тэрээр бүтэн жилийн турш нийтдээ зургаан тэрбум ам.долларыг сайн үйлсэд зориулжээ.
Өнгөрсөн жил Giving Pledge хөтөлбөрт гарын үсэг зурж нэгдсэнээр бусдад хандивлах бол түүний хөрөнгийн нэгээхэн хэсгийг эзэлнэ гэдгийг батлан харуулсан юм. Уг хөтөлбөр нь дэлхийн чинээлэг хүмүүс, гэр бүлүүд хөрөнгийнхөө ихээхэн хэсгийг бусдад бэлэглэдэг аян ажээ.
Хатагтай Скотт хандив өгөхдөө олон мянган байгууллагуудыг судалж, зөвлөхүүдтэйгээ хамтран ажиллаж, цахим шуудан, гар утасны ярилцлага хийж хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сонгожээ.
Энэ хооронд түүний салсан нөхөр ноён Безос дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг 10 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдээд байгаа юм. Өнгөрөгч 11 дүгээр сард тэр 16 байгууллагад 800 сая ам.долларын хандив өгсөн байна. Блүмберг сувгийн мэдээллээр Безосын хөрөнгө өнгөрч буй онд 70 тэрбум ам.доллараар өсч 185 тэрбум ам.доллар болжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.