Цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг Засгийн газраас батлав.
Жагсаалтад:
Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг баталлаа.
Түүнчлэн “Цэргийн төв эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк хооронд байгуулах Экспортын зээлийн гэрээний төслийг дэмжив. Төслийн хүрээнд дүрс, оношилгоо, ангиографи, зүрх, судасны эмчилгээний лаборатори, хэв авиан оношилгоо, дуран, ариутгал, мэс засал, эрчимт эмчилгээ, лаборатори, шүд, эрүү, нүүр, ерөнхий мэс засал, гэмтэл, бичил мэс заслын багаж, тоног төхөөрөмж суурилуулна. Найман сая еврогийн хүүгүй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 14 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил байх юм.
Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгов. Сургууль нь уран зураг, зураасан зураг, уран баримал, хувцас дизайн, фото арт гэсэн үндсэн таван хөтөлбөрийн хүрээнд 14 мэргэжлээр сургалт явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.