Умард Солонгос Улс ОХУ-ын "Спутник-V" коронавирусийн эсрэг вакцин болон БНХАУ-ын оношилгооны тоног төхөөрөмж худалдаж авсан гэж Японы "Asahi" сонин мэдээлжээ.
Тус сонины Өмнөд Солонгосын тагнуулын албаны эх сурвалжууд болон Умард Солонгостой худалдааны харилцаа эрхэлдэг Хятадын бизнесийн хүрээнийхний мэдээлсний дагуу БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрчдийн намын зарим гишүүд вакцин хийлгээд байгаа аж. Гэрээний хүрээнд нийт хэдэн ширхэг вакциныг ямар үнээр худалдаж авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Харин Умардын удирдагч Ким Жон Ун уг вакциныг тариулсан эсэх талаар мэдээлэл алга байна. Мэргэжилтнүүд түүнийг вакцины бүрэн аюулгүй байдлыг баталгаажуулсны дараа вакцинжуулалтад хамрагдана гэж үзэж байна.
Түүнчлэн тус улсын удирдлага БНХАУ-аас худалдаж авсан биеийн дулаан хэмжигч төхөөрөмжүүдээ Хятадтай хиллэх бүс дээр суурилуулсан бөгөөд хоёр улсын эдийн засгийн үйл ажиллагааг аажмаар сэргээх зорилготой байгаа бололтой.
Албан ёсны мэдээллээр Умард Солонгост коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Гэвч тус улсын эрх баригчид энэ оны нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ аван, хилээ хааж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоон, орон даяараа хөл хорио тогтоосон билээ.
Эх сурвалж: TASS