Их Британид долоо хоног бүр 100 сая гаруй амны хаалт хаягдаж байгаа нь тогтоогдсон тул мэргэжилтнүүд иргэдийг дахин ашиглах боломжтой амны хаалт зүүхийг уриалж байна.
Нэг удаагийн амны хаалт хэрэглэдэг хүмүүсийн бараг 70 хувь нь тус амны хаалтыг нэг удаагийн хуванцраар хийдэг гэдгийг мэддэггүй гэх судалгааг Хойд Лондоны Хог хаягдлын асуудал эрхэлсэн газраас гаргажээ. Мөн таван хүн тутмын нэг нь нэг удаагийн амны хаалтаа дахин боловсруулалтын хогийн саванд хийх ёстой гэж андуурдаг байна.
Хойд Лондоны хог хаягдлын асуудал эрхэлсэн газрын дарга Клир Клайд Лукс "Нэг удаагийн хуванцар материалын хэрэглээгээ бууруулахын тулд бидний гаргасан ахиц дэвшил цар тахлын үед нуран унах эрсдэлд ороод байна. Үүний гол буруутан бол нэг удаагийн амны хаалт. Эдгээрийг цаасаар хийдэггүй бөгөөд дахин боловсруулах боломжгүй. Амны хаалтаа гудамжинд хаясан ч, хогийн саванд хийсэн ч хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулах болно" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн тус улсын хаягдал материал нөхөн сэргээх байгууламжуудад ердийн үеэс илүү их хэмжээний салфетка, нойтон арчуур ирж байгаа гэнэ. Мөн цар тахлын үеэр бусад нэг удаагийн хуванцрын хэрэглээ ч нэмэгджээ. Хүргэлтийн сав, баглаа боодлын хэрэглээ 15 хувиар нэмэгдэж, зоогийн газрын хоолны савны хэрэглээ 12 хувиар нэмэгдсэн бол супермаркетын хүнсний сав, баглаа боодол мөн 12 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Sky News