Өмнөд Солонгосын Парламент Умард Солонгосын эсрэг сурталчилгааны хуудсыг хоёр улсын хоорондын хилээр хөөргөн гаргахыг хориглосон маргаантай хуулийн төслийг өнгөрөгч даваа гарагт баталжээ. Гэвч энэ алхам нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж олон хүн шүүмжилж байгаа юм.
Хоёр Солонгосын хоорондын харилцааг хөгжүүлэх тухай хуульд оруулсан тус нэмэлт өөрчлөлтөд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүний улс төрийн системийг шүүмжилсэн ухуулах хуудсыг хил давуулан цацахыг хуулиар хориглосон байна. Уг хуулийг зөрчигчид гэм буруутай нь тогтоогдвол гурав хүртэлх жилийн хорих ял эсвэл 30 хүртэлх сая воны торгууль төлөх аж.
Энэхүү хуулийн төсөл батлагдахаас зургаан сарын өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон Пёньяны эсрэг сурталчилгааны хуудсанд уурлаж бухимдан, Өмнөд Солонгостой дайсагнахгүй байх цэргийн гэрээ хэлэлцээрээ цуцална гэж сүрдүүлж байсан юм. Тэгвэл эдгээр суртал ухуулга үргэлжлүүлэн ирсээр байсанд хилэгнэсэн Умардын тал хилийн Кэсон хот дахь Солонгос хоорондын харилцаа холбооны газрыг өнгөрсөн зургадугаар сард дэлбэлсэн билээ.
БНАСАУ-аас БНСУ руу дүрвэгсэд болон консерватив хөдөлгөөний идэвхтнүүд олон жилийн турш умард солонгосчуудыг Пёньяны дэглэмийн эсрэг босохыг уриалсан ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр илгээсээр ирсэн. Тэгвэл энэхүү кампанит ажлыг удирддаг Умард Солонгосын дүрвэгсдийн бүлгүүд уг хуулийн төсөл нь үгээ хэлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэн, эсэргүүцэж байгаа юм.
"Эрх чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид"-ийн тэргүүн Пак Санг Хак "Ухуулах хуудас тээвэрлэж яваа агаарын бөмбөлөгт их буу, хор байгаа гэж үү? Бид энэхүү хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн тулд Пёньяны эсрэг ухуулах хуудсыг үргэлжлүүлэн нисгэх болно" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.