ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, худал мэдээлэл тараасан иргэдийг 80 хүртэлх сая төгрөгөөр торгож, 1-5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. Тэгвэл ОХУ-д ч мөн үүнтэй төстэй хуулийн төслийг хэлэлцэн, авч үзэж байгаа аж.
Оросын Төрийн Думын гишүүн Дмитрий Вяткин цахим орчин дахь гүтгэлгийн эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьжээ.
Уг төслийн хүрээнд ийм хэрэг үйлдсэн иргэнд нэг сая хүртэлх рубль буюу 39 сая төгрөгийн торгууль ногдуулж, эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно гэдгийг харуулсан баримт бичиг тус улсын Парламентын доод танхимын цахим мэдээллийн санд нийтлэгдсэн байна. Энэ нь ОХУ-ын Эрүүгийн хуулийн 128.1-т өөрчлөлт оруулах юм.
Тодруулбал, энэхүү хуулийн төсөлд бусдын нэр хүндэд халдаж, нэр төрийг нь гутаах зорилгоор худал мэдээлэл тараасан бол 500 мянга хүртэлх рубль, эсвэл тухайн хүний цалин, бусад орлогын зургаан сар хүртэлх хугацаатай тэмцэх хэмжээгээр торгож, эсвэл 160 цаг хүртэл хугацаагаар албадан ажиллуулна гэж заасан байна.
Мөн олон нийтийн өмнө хэлсэн үг, өргөн хэмжээнд дэлгэсэн бүтээл болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан бусдыг гүтгэсэн тохиолдолд нэг сая хүртэлх рубль, эсвэл нэг жил хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр торгох, үгүй бол 240 цагийн хугацаагаар албадан ажиллуулж шийтгэх аж.
Тэгвэл албан тушаалын байдлаа ашиглан бусдыг гүтгэсэн бол хоёр сая рублийн торгууль ногдуулж эсвэл гурван жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэх байна. Харин аливаа хүнийг бусдад аюул учруулж болзошгүй өвчнөөр өвчилсөн гэж гүтгэвэл гурван сая рублиэр торгож, дөрөв хүртэлх жилийн хорих ял оноох гэнэ.
ОХУ-ын Засгийн газар уг төслийг дэмжиж байгаа аж. Тус улсын Дээд шүүхийн зүгээс бусдын нэр хүндэд хандах болон цахим орчинд ижил төстэй гүтгэлэг, доромжлол бичсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь "Үзэл баримтлалын хувьд эсэргүүцэх зүйлгүй" хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.