Халдварт цар тахал коронавирусийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрийг АНУ-ын Пфайзер болон ХБНГУ-ын БиоНТек фирмүүдийг хамтран үйлдвэрлэсэн вакцинаар эхлүүлж буй гурав дахь орон Канад боллоо. Өнгөрсөн долоо хоногт Их Британи улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг бүх нийтийн дунд эхлүүлсэн анхны орон болсон бол АНУ хоёр дахь улс болж буйгаа зарлаж, ийнхүү Канад улс тэдний нэг болж байна.
Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо ням гарагийн шөнө вакцины эхний ээлж ирэхэд ачаа тээврийн онгоцны зургийг өөрийн твиттер хуудсандаа нийтэлж, “Ковид-19-ийн эсрэг тулаан дууслаа” хэмээн тайлбар бичжээ. Канад улс Торонто хотын халамжийн ажилтнууд, Монреалын настнууд зэрэг урьдчилан сэргийлэх тарилга нэн шаардлагатай хүмүүст зориулж 30,000 тунг эхний удаад хүлээн авсан байна.
Канадын Эрүүл мэндийн сайд Патти Хажду ч мөн цар тахлын тархалтыг зогсоож, иргэдийн амь насыг аврахаар ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн хэрхэн санаа зовдгийг мэдэх учир эхний ээлжийн вакцинжуулах хөтөлбөр эхэлж байгаад талархаж байна гэжээ.
Хэдийгээр вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлж буй улс орнуудын нэг болсон нь сайшаалтай ч үргэлжлүүлэн хүлээн авах тунгийн нөөц байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ. Ерөнхий сайд Трюдо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ энэ онд багтаж 249,000 тун вакцин хүлээж авна гэж амласан ч Канадын Хангамж, худалдан авалтын сайд Анита Ананд иргэдэд амласан хэмжээний вакцин хүлээж авч чадахгүй байж магадгүй гэдгийг анхааруулсан байна. Бодит байдал дээр Ерөнхий сайдын амласны талд нь ч хүрэхгүй тун вакцин ирж магадгүй ажээ.
Учир нь дэлхийн улс орнуудын дунд коронавирусийн эсрэг вакциныг авах хүчтэй өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд Канадын холбогдох эрх мэдэлтнүүд вакцины тунг нэмж авахаар гэрээ хэлэлцээрээ шаргуу үргэлжлүүлж байгаа гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.