АНУ-ын сонгуулийн коллеги өчигдөр хуралдаж АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүнг албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр Америкийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулж, тус улсын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь хүлээн зөвшөөрөгдөж байна.
Сонгуулийн коллеги дүнгээ баталгаажуулсны дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч мэдэгдэл хийж энэ удаагийн сонголтод Америкийн ард түмний хүсэл зориг давамгайлж, ялалт байгуулсан гэдгийг онцолжээ. Мөн Америкийн ардчиллыг шахаж, туршиж, заналхийлсэн боловч хариуд нь тэсвэр хатуужилтай, үнэнч, хүчирхэг гэдгээ батлан харуулав гэжээ. Байдены хэлснээр түүхийн хуудас эргүүлэх цаг нь иржээ.
Ийнхүү сонгуулийн коллеги албан ёсы дүнгээ баталснаар Байден ирэх жилийн нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөж, албан тушаалаа хүлээж авахад шаардлагатай алхмуудын нэгийг хийлээ. 11 дүгээр сард болсон сонгуульд Байден сонгуулийн коллегийн 306 санал, Трамп 232 санал авсан нь баталгаажив.
Одоогоор сонгуульд ялагдал хүлээсэн ч хүлээн зөвшөөрч хараахан чадахгүй байгаа Ерөнхийлөгч Трамп коллегийн дүнгийн талаар тайлбар хийсэнгүй. Гэхдээ Ерөнхий прокурор Уильям Баррыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн юм. Энэ нь түүний сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрснийг харуулж байна гэж ажиглагчид дүгнэжээ.
Нөгөө талаар урьд өмнөх сонгуулиудад сонгуулийн коллеги санал баталгаажуулах явц энэ жилийнхтэй адил олны анхаарал татаж байсангүй. Энэ жилийн сонгууль тун өрсөлдөөнтэйн дээр сүүлийн мөчийг шийдвэрлэх мужууд ихээхэн анхаарал татаж байсантай холбоотой. Түүнчлэн Трамп шийдвэрлэх мужуудын саналын дүнг хүлээн зөвшөөрөхгүй удаа дараа зарга үүсгэсэн нь мөн үүнд нөлөөлсөн.
Одоо Байден нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүлээх үлдлээ. Энэ өдөр Конгрессийн дээд доод танхимд албан ёсны санал хураалтын дүн, явцын мэдээллийг илгээж хэлэлцэнэ. Энэ нь Байдены тангараг өргөх замыг засах юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.