Ковид-19 гэж нэрлэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий даяар 73 сая хүн халдварлаж, 1,6 сая гаруй иргэн амь насаа алдаад байна. Тэгвэл Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок коронавирусийн шинэ хувилбар Английн нутаг дэвсгэрт хурдацтай тархаж байгааг илрүүлсэн хэмээн мэдэгджээ.
Мэтт Хэнкокийн хэлж байгаагаар коронавирусийн шинэ хувилбараар өвчилсөн тохиолдол 60 гаруй байршилд бүртгэгдсэн тухай мэдээлсэн байна. Энэ тухай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад илгээсэн бөгөөд Их Британийн эрдэмтэн шинжээчид шинэ төрлийн коронавирусийн судалгааг үргэлжлүүлж байгаа юм.
Гэхдээ “энэ нь одоо тархаж байгаагаас илүү хүнд өвчлөл үүсэх ба дархлаажуулалтад хэрэглэж буй вакцин үр дүнгүй гэсэн үг биш шүү” гэдгийг Эрүүл мэндийн сайд онцлон тэмдэглэжээ. Орон нутгийн 60 гаруй байрлалд нийт 1,000 тохиолдлоос коронавирусийн шинэ хувилбарыг илрүүлсэн боловч илрээгүй нуугдмал цар хүрээ хэр байгаа нь тодорхойгүй ажээ.
Английн Эрүүл мэндийн газрын дарга профессор Крис Виттийн ажигласнаар коронавирусийн шинэ хувилбар одоо ашиглаж байгаа оношлуураар бүрэн илэрч байгаа юм. Эсийг халдварлах үйл явцад тусалдаг вирусийн уургийн баяжуулалтаас шалтгаалж хувиран өөрчлөгдөх, мутацид орох явц илэрдэг байна.
Зарим мэргэжилтэн, судлаачдын зүгээс хэт яаравчлан сандарч тэвдэлгүй Ковид-19 вирусийн төлөв байдлыг ажиглах хэрэгтэй бол зарим нь нэн даруй вирусийн тархалтыг тогтоон барихын тулд яаралтай арга хэмжээ авч, судалгаагаа үргэжлүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Ноттингэмийн их сургуулийн Молекулын вирус судлалын профессор Жонатан Болл олон төрлийн вирус генийн мэдээллээ хурдацтай өөрчилдөг ба заримдаа энэ нь вируст тун ашигтай байдаг гэдгийг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл мутацид орж хувирснаар түргэн халдварлах чадамж нь нэмэгдэж, вакцин эмчилгээнээс зугтах ч боломжтой болдог байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.