АНУ-ын Ерөнхий прокурорын үүргийг гүйцэтгэж байгаа Уильям Барр зул сарын баярын өмнө ажлаа хүлээлгэж өгөхөөр болсныг Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Уг нь бол ирэх нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден тангаргаа өргөснөөр Трамп болон Уильям Баррын ажлаа гүйцэтгэх хугацаа албан ёсоор өндөрлөх ёстой.
Сонгуулийн санал хураалт, дүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Трамп болон Барр нарын хооронд зөрчил үүссэн байсан. Трамп болон түүний менежерүүд сонгуулийн явцыг будлиантуулсан, иргэдийн саналыг хулгайлсан гэж үзэн дээд шатны шүүхэд гомдол мэдүүлсэн ч хэргийг нь буцаагаад зогсохгүй Ерөнхий прокурор саналын хуудсыг луйвардсан гэх нотолгоо байхгүй гэдгийг хэлсэн байна.
Баррыг Ерөнхийлөгч Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Байдены хүүгийн хэргийг мөрдөн шалгаж, олон нийтэд дэлгээгүй хэмээн мөн шүүмжлэн буруутгасаар байсан юм. Гэсэн ч Трамп “бидний харилцаа маш сайн байлаа, тэр ажлаа гайхалтай хийсэн” гэж албан үүргээс нь чөлөөлж буй захидалдаа дурдсан байна.
Энэ сарын 23-ны өдөр Баррыг ажлаа өгсний дараа түүний орлогчоор ажиллаж байсан Жефф Розен Ерөнхий прокурорын үүргийг гүйцэтгэнэ.
Барр нь энэ жил 70 настай. 1990-ээд онд Ерөнхийлөгч Жорж Бушийн үед Ерөнхий прокурорын албыг хашиж байсан туршлагатай нэгэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.