АНУ-д энэ долоо хоногт коронавирусийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах гурван бүлэгт Цагаан ордны ажилтан албан хаагчид, Конгрессийн гишүүд, Дээд шатны шүүхийн ажилтнууд багтсан. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагийн шөнө өөрийн жиргээ хуудсандаа өөрөө болон Цагаан ордны ажилтнууд вакцин хийлгэхийг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлжээ.
Тэрээр “Цагаан ордонд ажиллаж байгаа хүмүүс онц шаардлагагүй бол дараа, цаг нь ирэхээр вакцин хийлгэх хэрэгтэй. Би вакцин хийлгэхгүй ч тохиромжтой үеийг хүлээж байна. Баярлалаа” хэмээн жиргэсэн байна.
Коронавируст цар тахлын халдвараас 95 хүртэл хувь хамгаалах үр дүнтэй Пфайзер, БиоНТек-ийн вакцины эхний ээлжийн гурван сая тунг АНУ даяар 50 мужийн вакжинжуулах төвүүдэд тарааж байна. Хамгийн эхний вакцин ням гарагт Мичиган мужид иржээ. Эндэхийн эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд даваа гарагийн өглөө вакцин тариулж эхлэх юм байна.
Ойрын хоногуудад АНУ-д коронавирусийн тархалт, халдварын эндэгдэл огцом өсөөд байгаа. Одоогоор тус улсад 17 сая орчим хүн халдварлаж, 310,000 орчим иргэн амиа алдаад байна. Вакцинжуулах хөтөлбөр халдварын тархалтыг бууруулна гэдэгт эмч мэргэжилтнүүд найдаж байгаа юм. Пфайзер, БиоНТек-ийн вакциныг Их Британи улсад хэдийнээ хийж эхэлсэн бол Канад, Бахрейн, Саудын Араб улсуудын шийдвэрлэх шатны байгууллагууд дэмжсэн байна.
Эх сурвалж: ВВС, Politico
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.