Герман улсад коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж, амиа алдсан иргэдийн тоо өссөн тул зул сарын баярын өдрүүдэд хатуу чанга хөл хорионы дэглэм тогтоох шаардлагатай болжээ. Энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн хүнсний дэлгүүрээс бусад онц шаардлагагүй дэлгүүр, худалдааны төвүүдийг хаасан ба сургуулиуд мөн эргэн хаагдаж байна.
Канцлер Ангела Меркел зул сарын баярын худалдаа олон нийтийн дунд бөөгнөрлийг бий болгох эрсдэлтэй гэж үзжээ. Шинээр тогтоосон хорио цээрийн дэглэм энэ сарын 16-ны өдрөөс ирэх нэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 16 мужийн захирагчтай хийсэн уулзалтын дараа канцлер цар тахлын тархалтыг намжаахын тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай болсныг мэдэгдэв.
Германы хүнсний дэлгүүрүүдээс гадна банк, зул сарын гацуур модны худалдаа нээлттэй үлдэж байна. Үсчний салонуудыг заавал хаах ёстой гэж үзжээ. Мөн зул сарын баярын арга хэмжээнүүд, галын наадам хийх салютын худалдаа, олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хорьсон байна. Зул сарын баярын өдрүүдэд дээд тал нь хоёр өрхийн тав хүртэл хүн нэг дор цуглахыг зөвшөөрсөн байна.
Хорио цээрийн үед хаагдсан бизнесийн байгууллагуудад Засгийн газрын дэмжлэгээр сар бүр 500,000 евро олгохоор болсныг Сангийн сайд Олаф Шольц мэдэгдэв.
Ням гарагийн байдлаар тус улсад нэг хоногийн дотор 20,200 хүн шинээр коронавирусийн халдвар авч, нийт халдварын тоо 1,3 сая давлаа. 321 хүн нэмж эндсэнээр нийт 21,878 хүн нас барсан тоог Роберт Кочийн хүрээлэн өгч байна.
Уг нь Герман улс Европын бусад хөрш орнуудтайгаа харьцуулахад цар тахлыг хянах, голомтыг илрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байсан ч эрсдэл эргэн нэмэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөл хорионд орсон ч эдийн засгийн баталгаа дэмжлэг давхар сайн хийгдэж бндаа.ийм байхад эдийн засгийн бодлого чухал