Ираны өсвөр насны охин өөрийгөө зомби буюу амьд үхдэлтэй төстэй будсанаар олон нийтийн цахим сүлжээнд ихээхэн анхаарал татаад байсан юм. Түүнийг олон нийтийн анхаарал татсан үйлдэл цахим сүлжээнд гаргасны дараа Ираны эрх баригчид баривчлан саатуулсан.
Тэгвэл энэ жил 19 настай Сахар Табар буюу жинхэнэ нэрийг нь Фетеме Хишванд гэдэг охиныг жилийн турш баривчлан саатуулсан бөгөөд Ираны шүүх 10 жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.
Зөвхөн Инстаграм хуудсандаа л гэхэд 486,000 дагагчтай Сахар Табар өөрийгөө амьд үхдэлтэй төстэйгээр будсан нь цахим сүлжээнд алдартай болгосон юм. Түүнийг Ираны шүүх хүүхэд залуусыг хахуульдсан, Исламын Бүгд найрамдах улсад хүндэтгэлгүй хандсан гэж мэдэгджээ.
Сахар Табар саатуулагдах хугацаандаа өнгөрсөн хавар Ковид-19 цар тахлын халдвар авсан тул суллах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна. Тэрээр Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн ядарч туйлдсан, аймшигтай дүрд өөрийгөө хувирган будаж, зургандаа “Исламын Бүгд найрамдах улс эмэгтэйчүүдэд харгис хандсаар ирсэн түүхтэй. Бид хүйсээр ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгдэх хэрэгтэй” гэсэн тайлбарыг хийсэн юм.
Ираны шүүх Сахар Табарт өршөөл үзүүлнэ гэдэгт итгэж байсан хэмээн өмгөөлөгчид нь ярьсан байна. Өвчтөний түүхээс харвал сэтгэцийн эмнэлэгт очиж байсан ба сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтайн дээр хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан үзэж ялыг нь хөнгөлөх болоод батлан даалтад суллахыг өмгөөлөгчид нь хүсчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.