Facebook цахим сүлжээнд 41 жилийн турш өдөр бүр нөхрийнхөө хачиртай талхнаас хаздаг эмэгтэйн түүх олон арван мянган хүнд таалагдаж, сэтгэлийг нь хөдөлгөжээ. АНУ-ын Техас мужид амьдардаг гэр бүлийн түүх “хуваалцах бол анхаарал халамж тавьж буйн илрэл” гэдгийг залуучуудад үлгэрлэсэн байна.
Хатагтай Трэси Хауэлл нөхөр Клифордтойгоо гэрлээд 41 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ноён Клифорд өдөр бүр хазсан хачиртай талх ажил руугаа авч явдаг байжээ. Энэ нь хатагтай Хауэлл нөхөртэйгээ хамт үдийн хоолоо идэж байгааг илэрхийлсэн явдал юм.
Түүний ярьснаар нэг удаа нөхөр нь “үдийн хоол амттай байсан бөгөөд хайртай хүнтэйгээ хуваалцсан бол илүү сайхан байлаа” гэж хэлжээ. Энэ явдлаас хойш Хауэлл нөхөртэйгээ үргэлж хамт гэдгээ мэдрүүлэхийн тулд хачиртай талхыг нь бэлдэж, савлахаасаа өмнө өөрөө хаздаг болсон байна.
Анх удаа хазсан хачиртай талх авч явсан нөхөр нь орой ирээд “өнөөдөр миний хачиртай талхнаас хэн нэгэн хазчихсан байналээ” гэж хэлжээ. Хауэлл өдрийн хоолоо цуг идэж чадахгүй болохоор хазаж, хамт амталсан гэдгээ тайлбарласны маргааш нөхөр нь “хамт хооллоход сайхан байлаа” хэмээн халуун дотноор талархал илэрхийлжээ.
Хауэллын уг нийтлэлийг пүрэв гараг гэхэд 97,000 цахим хэрэглэгч бусадтай хуваалцсан байна.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.