АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулаад буй Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден, дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис нарыг Time сэтгүүл 2020 оны онцлох хүмүүсээр нэрлэлээ.
Time сэтгүүл жил бүр онцлох хүмүүсээ нэрлэдэг уламжлалтай. Тус сэтгүүл 1927 оноос хойш дэлхий дахинд анхаарал татсан, нөлөө бүхий хүмүүсийг онцолсоор ирсэн юм.
Энэ жил цар тахалтай холбогдуулаад АНУ-ын Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн доктор Энтони Фаучи, арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн BlackLivesMatter хөдөлгөөн, Цагаан ордонд суух эрхээ алдсан Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамгийн их санал авсан өрсөлдөгчид байжээ.
Гэвч Америкийн хамгийн ахмад төдийгүй олон хүний саналаар ялсан Байден, мөн Америкийн анхны ази гаралтай, өнгөт арьст, эмэгтэй дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Харрис нар жилийн хамгийн онцгой хүмүүс байсан гэдгийг Time хүлээн зөвшөөрөв. Ингэхдээ “АНУ-ын түүхийг өөрчлөн, хамтын эв нэгдэл нь хуваагдал бутрал, уур хилэнгээс илүү агуу гэдгийг дэлхийд харуулсан” хэмээн Time сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсентал бичжээ.
Сонирхуулахад Time сэтгүүл 2019 оноос эхлэн оны онцлох хүмүүсийн жагсаалтаа төрөлжүүлж, оны шилдэг бизнес эрхлэгч, шилдэг урлагийн хүн, шилдэг тамирчин, шилдэг хамгаалагчид гэсэн төрлүүдийг нэмсэн байна.
2020 оны бизнес эрхлэгчээр Zoom цахим сүлжээний гүйцэтгэх захирал Эрик Юань, хамгаалагчдаар арьс өнгөний үзлийг эсэргүүцэгчид болон Асса Траоре, Порш Беннет Бэй нарыг нэрлэжээ. Мөн онцлох тамирчнаар сагсчин Леброн Жеймс, урлагийн салбараас Өмнөд Солонгосын BTS хамтлаг болон NBC телевизийн Өнөөдөр шоуг онцолсон байна.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.