АНУ-ын 16 сая хүн цар тахлын халдвар авч, 300,000 хүн нас барсан тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа юм. Хоногт гурван мянга гаруй хүн нас барж байгаа ч Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Ханукка гэрлийн баярыг тэмдэглэж хоёр ч томоохон үдэшлэг, арга хэмжээг зохион байгуулжээ.
Цар тахлын үед олон хүн нэг дор цуглуулахгүй байхыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа ч Трамп зөвлөмжийг даган мөрдөхийг хүссэнгүй. Цахим сүлжээнд тарсан бичлэг дээр Трампын байгаа үдэшлэгийн зочин ханиаж байгаа нь сонсогджээ.
Ханукка нь Еврейчүүдийн уламжлалт баяр бөгөөд жил бүрийн найм хоногийг өдөр бүр дэнлүү асаан тэмдэглэдэг. “Израйлийн цаг” хэвлэлд нийтэлснээр арга хэмжээ тус бүрт зуу гаруй зочин оролцсон байна. Зочдын дунд өнгөрсөн сард коронавирусийн халдвар илэрсэн Цагаан ордны ажлын албаны дарга Марк Мийдөвс багтжээ. Тэдний амны хаалтгүй, гар барин ойроос мэндчилж буй зурагнууд тархсан байна.
Энэ сарын 10-аас 18-ны өдрүүдэд үргэлжлэх Ханукка баярын хүрээнд Трамп 25 арга хэмжээг Цагаан ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Трамп аравдугаар сард коронавируийн халдвар авч, гурав хоног эмнэлэгт хэвтсэнийхээ дараа олон нийтийн өмнө амны хаалтаа авч харуулсан юм. Трампаас гадна түүний ойрын хүрээллийн улс төрч, гэр бүлийнхэн нь ч мөн халдвар авсан билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.