Афганистан улсад ажилдаа явж байсан сэтгүүлч рүү зэвсэгтэй этгээдүүд халдаж амь насыг нь хороожээ. Жалалабад хотод Малала Майвандыг пүрэв гарагт ажилдаа явах замд нь буутай этгээдүүд гал нээсэн байна. Уг халдлагын үеэр сэтгүүлчтэй хамт жолоо барьж явсан Мохаммад Тахир амиа алджээ.
Одоогоор Афганистаны ямар нэгэн зэвсэгт бүлэг халдлага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Ойрын хугацаанд Афганистан улс даяар зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, олон хүний амь насыг хороох болсон нь Нато болон Европын холбооны удирдагчдын шүүмжлэлтэй тулгарч байгаа юм.
Харамсалтайгаар амиа алдсан Майванд нь Эникасс телевиз, радиод ажилладаг байжээ. Мөн тэрээр улс оронд нь хэвлэл мэдээллийн салбарын эмэгтэй ажилтнууд хүндхэн сорилтой нүүр тулж буй асуудлыг хөндөж ирсэн иргэний нийгмийн идэвхтэй тэмцэгч байсан ажээ. Reuters агентлагийн мэдээлснээр Майвандын ээж мөн нийгмийн идэвхтэн байсан бөгөөд таван жилийн өмнө зэвсэгт этгээдүүдийн гарт амиа алдсан байна.
Афганистан улсад Их Британиас сууж буй онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алисон Блэйк удаа дараалан гарч буй хүн амины хэргүүдийг мөрдөн шалгахыг уриалсан байна. Түүний үзсэнээр энэ бол хэвлэлийн эрх чөлөөг хөндсөн ноцтой гэмт үйлдэл юм.
Өнгөрсөн сард Кабул хотод телевизийн алдартай нэвтрүүлэгч Яма Сиаваш хоёр нөхдийн хамт автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан бол Эрх чөлөө радиогийн сурвалжлагч Алиас Дайе Лашкар Гах хотод дэлбэрэлтэд өртөж амиа алдсан. Энэ мэтчилэн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд удаа дараалан зэвсэгт халдлагын бай болсоор байна. Зэвсэгт халдлага дайралт ихэсч байгаа энэ үед Афганистаны эрх баригчид Талибаны зэвсэгт бүлгийн удирдагчидтай Катарын Доха хотод гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлсээр байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.