Хүн хоорондын зайг барихгүй байх нь олон эрсдэл дагуулна гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сануулав.
Тэрбээр “Халдвартай нэг хүн дунджаар дөрвөн хүнд, зарим үед найман хүнд халдвар тарааж байна. Иймд хоорондын зай барихгүй бол гинжин хэлхээ үргэлжилсээр 30 хоногийн дараа гэхэд 2,800-3,200 хүн халдвар авах эрсдэлтэй. Ийм эрсдэлд хүрсний дараах гол хохирол нь өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүсийн амь насанд аюултай.
Ялангуяа эмнэлэг орныхоо ачааллыг даахгүйгээс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн бүх тусламж үйлчилгээ зогсох аюул авчирна. Тиймээс иргэд хүн хоорондын зайг маш сайн барьж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаас гадна бие биедээ хатуу шаардлага тавих хэрэгтэй байна.
Энэ нь нэг хүний асуудал биш бөгөөд нийт иргэд, улс орныхоо өмнө хүлээж байгаа хариуцлага гэдгийг иргэд ухамсарлах ёстой. Дэлхий дахинд хүн хоорондын зайг маш муу барьж байгаа хүмүүс нь залуучууд байна.
Залуус өөрсдөө клиникийн хувьд шинж тэмдэг багатай хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа боловч өөрийнхөө хамгийн хайртай, гэр бүлийнхээ эрсдэлт бүлгийн хүмүүст халдварыг тарааж хүндрэл учруулж байна. Иймд залуучууд хүн хоорондын зайг сайтар барьж, дэлхий дахинд хэрэгжүүлж буй гэртээ ч эрсдэлт бүлгийн хүнтэйгээ зайнаас харьцах зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.