Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Цус сэлбэлт үндэсний төвийн цус бүрдүүлэлтийн үйл ажиллагаа эрс багасжээ. Тус төв нь суурин болон явуулын хэлбэрээр цусаа бүрдүүлдэг. Гэтэл хөл хориотой энэ үед иргэд гэрээсээ гарахгүй байгаа тул тус төв дээр очиж цусаа өгөх иргэдийн тоо буурсан байна.
Цус сэлбэлт үндэсний төвийн донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг:
-Суурин болон явуулын хэлбэрээр өдөрт 100-150 хүнээс цус цуглуулдаг. Ковидтой холбоотойгоор явуулын цус цуглуулах ажиллагаа зогссон. Өнөөдрийн байдлаар цус цуглуулалт 53 хувиар буурсан. Манай төвөөс хүндэт донорууддаа хандаж, цусаа өгөхийг уриалж байгаа. Эмнэлгүүдийн цус, цусан хэрэглээ буурахгүй байна. Манай төв 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Ялтаст эсийг 3-5 хоног хадгалдаг. Тэгэхээр цус цуглуулалт эрс багассан тул ялтас эсийн бүтээгдэхүүний тоо эрс багасаж байна. Иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ барин манай суурин төвүүдэд ирж, цусаа бэлэглэхийг уриалж байна. 17-65 насны 45 кг дээш, эрүүл хүн цусаа бэлэглэх боломжтой” гэжээ.
Цусаа өгч буй үйлчлүүлэгч “Одоогийн байдлаар 20 удаа цусаа өгч байна. Цус өгөх нь эрүүл мэндэд хэрэгтэй. Цусаа өгснөөр хүний алтан амийг авардаг тул иргэд идэвхтэй хамрагдаж цусаа бэлэглэхийг уриалж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.