СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-10

"Богд Зонхов"-ын дүйчэн өдөр буянд шамдаарай

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын (билгийн тооллын) 25-нд Богд Зонховын таалал барьсан дүйцэн өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг Монголчууд “Зулын 25” гэж нэрийдэн эртнээс тэмдэглэсээр иржээ.

Богд Зонхов Лувсандагвын их дүйчэн ЗУЛЫН 25-ны өдрийг зургаан зууны тэртээгээс Буддын шашинт улс орнууд буяны өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Богд Зонхова нь VI жарны “Алтан унжлагат” хэмээх тахиа жил буюу 1357 оны өвлийн эхэн сарын 25-ны үүрээр орчлонд мэндэлсэн бол VII жарны шороон гахай жилийн 1419 оны 10-р сарын 25 буюу өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал барьжээ. .
Монголчууд Зулын 25-наас өмнө өвлийн идэш хоолоо базааж, ЗУЛЫН 25-нд зул өргөж, маани, тарни уншин, нүгэл хилэнцээ наминчлан, амь биеэ өргөсөн амьтдын төлөө залбирал, даатгал үйлддэг юм.

  1. БОГД ЗОНХОВЫН ЭХИЙН ХЭВЛИЙД ОРШСОН БА ЛАГШИН МЭНДЭЛСЭН ЁС
  2. БОГД ЗОНХОВЫН ДӨРВӨН ИХ ЗОХИОНГУЙ
  3. МИГЗЭМ УНШИХЫН АЧ ТУС

 1. БОГД  ЗОНХОВЫН ЭХИЙН ХЭВЛИЙД ОРШСОН БОЛОН ЛАГШИН МЭНДЭЛСЭН ЁС (1357-1419)

Манзушир бурханы хувилгаан Богд Зонхов нь Төвдийн Амдо нутгийн Хөх нуурын “Зонхова”(Сонгины ам) хэмээх газар 1357 онд лагшин мэндэлжээ. Эцэг даргач Лүвүмгэ , эх Шинса-ачой нь ярууг өгүүлдэг, эв эетэй, сайн сайхан чанар бүрдсэн хүмүүс байсан гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэгджээ.

(1). Богд Зонхов эхийн хэвлийд орших үест  гарсан олон сайхан шинж тэмдэг бий. Богд Зонховын лагшин мэндлэхээс нэг жилийн өмнө эцэг эхэд нь бэлгэ дэмбэрэлтэй, нийтийн бус олон сайхан зүүд төрсөн гэдэг. Эцэг нь урд зүгийн таван өндөрлөг уулын хавиас номт шар хувцсыг ёсчлон асаасан хувраг ойртон ирээд, надад амьдрах байшин өгөөч гэж хэлж байгаагаар зүүдэлжээ.  Лүвүмгэ  өдөр  бүр Жамбалцанжид номыг уншдаг тул Манзушир бурханы адистидаар ийм бэлгэ дэмбэрэлтэй зүүд зүүдэлсэн байх гэж боджээ. . Энэ үед наран ургах зүгээс цагаан царайтай, үзэсгэлэн төгөлдөр хүү өөр лүү нь дөхөн ирж байна гэнэ. Баруун зүгээс улаан хувцас өмссөн, улаан царайтай ханд дагина ирж байв. Улаан царайтай дагина зүүн гартаа толь, баруун гартаа чулуун бумба барьжээ. Тэд ойртож ирээд, ханд дагинаас цэцэгсийн дунд суугаа бүсгүйчүүд рүү заан энэ эмэгтэй болох уу? гэж асуужээ. Ингээд Шинса руу заахад нь ханд дагина түүнийг бумбатай рашаанаар шүршин, угаал үйлдэж, түүний хэвлийд орохыг зөвшөөрч байна гэж зүүдэлжээ.

Эх зүүднээсээ сэрэхэд бие нь ихэд хөнгөрч, сэтгэл амгалан, сайхан мэдрэмж төрж байжээ. Мөн тэдний ойрын ахан дүүсийн зүүдэнд тэнгэрээс олон хувраг морилж, гэрэл тусч байна хэмээсэн олон сонин тэмдэг гарч, сайхан үйл явдал болох нь гэж бэлгэшээж байсан гэдэг. 

(2).. Олон хувраг цугларч, хүндэтгэл үзүүлэн залрах үед эх Шинса тэдэн рүү дөхөн очоод, та бүхэн хаашаа заларч яваа юм бэ гэж асуужээ. Жанрайсаг бурхан заларч байна  гэжээ.  Огторгуйгаас шар дүртэй Бурханы лагшин залрахад  хүндэтгэл үзүүлэн залж байна гэнэ. Огторгуйгаас залрах Бурханы лагшин, охин тэнгэрүүд өөр лүү нь чиглэн, ойртох тусам жижгэрч, дүр байдал нь үзэсгэлэн төгөлдөр болж зулайн оройгоор нь орж биед нь шингэж байна. Тэд бүгд биед нь шингэн орсны дараа цугларсан олон хувраг эхэд  нь мөргөж, биеийг нь тойрон гороолох тэргүүтэн асар их хүндэтгэл үзүүлж байна гэж зүүдэлжээ. Зүүднээс сэрэхэд эхийн бие хөнгөн, сэтгэл нь амгалантай, өөрт нь тааламжтай мэдрэмж төрж, миний биед ариун бие оршжээ гэж бат итгэн, биеэ ариун, хувцас өмсгөл цэвэр, ариун идээ хоол зооглох ёстой юм байна гэж сэрэмжлэн үйлдсэн гэдэг. .  Эцэг Лүвүмгэ ийм бэлгэ дэмбэрэлтэй зүүд зүүдэлсэндээ ихэд баясаж хүч чадал ихтэй, ихийг эрхшээсэн хүү надад мэндлэх нь гэж машид бэлгэшээж байв. 

 (3). Богд Зонховын лагшин мэндлэхийн өмнөх өдөр эхийнх нь зүүдэнд Жанрайсаг бурханы хувилгаан дүр ирэх зөн совин төржээ. Тахил тэргүүтэн барьсан олон хувраг ирэхэд ээж нь та нар ямар хэргээр морилж явна вэ? гэж асууж. Бид Бурханы байшин урлах гэж байна. Урлаж буй байшин нь тод харагдаагүй ч, хуврагууд ариун тахилын зүйлс барьжээ. Эх  бурханы байшин хаана байна  гэж хайхад анхны зүүдэнд нь ургасан наран ургах зүгээс ирсэн цагаан царайтай хүү гартаа болор түлхүүр бариад дөхөн ирж байв. Эхийнхээ цээжин дэх цоожны нүхэд болор түлхүүрээ хийн түлхүүрдэн онгойлгоход, зулайн оройгоор шингэсэн бурхан нь түүгээр залран гарч байна. Нөгөө зүгээс нь ирсэн улаан царайтай ханд дагина бумбатай ариун усаар угаалга үйлдэж, өөрийн үл мэдэх хэлээр ном уншин, ариусгаж байна гэж зүүдэлжээ.

Богд Зонховын лагшин мэндэлсэн өдөр цорж Дондовренчин хувраг ирж, эхэд нь хандан ийм сайхан хувь төгөлдөр хүүгээ ихэд сайн өргөн асарч, хамгаалж байхыг захиад, Жигжид бурханы танка, бурханы ариун угаалын их рашаан тэргүүтэн гурван зүйлийг өгчээ.

Эх нь номын багшаас: Та ямар учир ингэж рашаан ус өргөж байна вэ? гэж асуужээ. Дондовренчин багш хариуд нь: Би урьд нь Жигжидийн бясалгалд машид олон суусан. Нэг удаа түүний дэргэд Жигжид бурхан бодитой залрахад  ойр ойрхон бодитой залрах айлтгал тавьж байсан. Жигжид бурхан надад “Та эрдэм номдоо сайн суралцаж бай. Би удахгүй Гүмбүм гэдэг газар мэндэлнэ” гэж захисан байна. Ингээд судалж шинжиж үзэхэд Шинса эх танаас мэндэлсэн хүүгийн лагшин тэр мөн байв гэж хэлжээ. Богд Зонхов лагшин мэндэлсэн даруйд цорж Дондовренчин багштай шавь барилдан, 3 нас хүрэхэд Гарма Ролвийдорж багшаас гэнэнгийн сахил хүртэж, Гунгаанямбуу гэдэг сахилын нэртэй болжээ.

 2.БОГД ЗОНХОВЫН ДӨРВӨН ИХ ЗОХИОНГУЙ

Богд Зонхов 8 настайдаа анхны багш цорж Дондовренчинтэй хуврагийн ёс барилдаж, номд суралцах ёс эхэлсэн байна. Машид гарсны санваар хүртэж, Лувсандагва хэмээх сахилын нэртэй болж, 16 нас хүртэл номд суралцан, Үйзан аймгийн Лхас хот руу явж, эрдэм номд суралцжээ. Богд Зонхов үүнээс хойш Амдо нутагтаа эргэж морилон саатаагүй байна. Түүнийг Лхаст морилоход Гаадамба тэргүүтэй Үйзангийн том хийдүүд оршиж байв. . Богд Зонховын амьдралын зам мөрийг 4 их үйлс зохионгуйд авч үздэг. Үүнд:

·         Зохионгуй 1: Бурхан багш номын хүрдийг эргүүлж байх үест тэнгэрт зургаан лянхуа цэцэг бодитой үүсэн гарч байсан ёсыг даган барьж, бурханы шашин өнөд удаан дэлгэрч байхын тухайтад .  Богд Гандан хийдийг 1409 онд шинээр байгуулж Брайвүн, Гомон, Сэра хийдийн суурь тавигдах эхлэлийг тавьж, улмаар Богд ламын зарлигаар Жамьян цорж Дашбалдан хувилгаан Брайвүн хийдийг 1416 онд, Жамчэн цорж Шагжа-Иш хувилгаан Сэра хийдийг 1419 онд байгуулжээ.

·         Зохионгуй 2: Богд Зонхов Үйзан нутагт Майдарын их дуган цагийн эрхээр эвдэрч доройтсоныг сэргээн засч, аравнайлах үест олон бурхан, бодьсадва, тэнгэр нугууд бодитой заларч, аравнай өргөж, дэмжсэн тул зохионгуйд зүй ёсоор тооцогддог.

·         Зохионгуй 3: Богд Зонхов Нял хэмээх нутагт олон багшид айлтгаж, олон хүнд өргөл өгч, зон олныг цуглуулан их ном хурдаг болгосон юм. Энэ газар өмнө нь дотроо тэмцэл тулаан их, эв түнжэнгүй, хамтарч нэгддэггүй, олуул цуглардаггүй газар байсан бөгөөд хурал ихээр

·         Зохионгуй 4: Богд Зонхов Гандан хийдэд Дүйнхор, Сандуй, Жигжид Дэмчиг зэрэг нууц тарнийн их бүтээлийн хурлыг  нэг өдөр зэрэг хурдаг болгожээ.  (Өмнө нь тус тусдаа хурдаг байжээ) Язгуурын 4 үндэс болох тарнийн ёсны .

 Богд Зонховын туурвисан 210 гаруй зохиол бүтээл 20 ботид хураагдана. Богд Лам номыг агуу ихээр сонсч үйлдээд, учир шалтгааны үүднээс ном сургаалыг судалж шинжлэн, Бурхан багш тэргүүтний зарлиг сургаалтай нийцэж буй эсэхийг шалган нягталж, өөрөө ёсчлон үйлдэж, анхааран авч, өөрийн увдисанд ургуулсны эцэст гайхамшигт зохиол бүтээлүүдээ туурвисан юм. Богд Зонхов 1419 оны 10 дугаар сарын 25-ны өдөр номын лагшинд хураагдах ёсыг үзүүлжээ.

 3.МИГЗЭМ УНШИХЫН АЧ ТУС 

 “Мигзэм” гэдэг нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад өргөн талбих залбирал юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадлыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй нэгэн мөн чанартай.

Богд Зонхов өөрийн багш Риндаваад зориулан анх Мигзэмийг зохиож өргөхөд багш нь түүнд ихэд баясан таалж, “Намайг ийн магтах зохисгүй. Харин номын Богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Манзушир бурхан Богд Зонховын шавь нарт Мигзэмийг дахин зарлиглан адисласан гэдэг.

 Жанрайсиг бурхан хамаг амьтныг энэрэн нигүүлсч, хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушир бурхан доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан, муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой.

Богд Зонховын хамаг амьтны тусыг бодитой бүтээсэн ачийг санаж, Мигзэмийг урин унших хэрэгтэй юм. Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй.

v  Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амирлах

v  Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчил онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэх

v  Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур буух

v  Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү

v  Даруйд нас урт, өвчин үгүй болох

v  Буян ихэд арвижих

v  Гадна дотны барцадаар үл чадагдах

v  Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгэх

v  Мэсийн хорлолоор үл чадагдах

v  Нэгэн насандаа бурхны хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй их билээ.

 

БОГД ЗОНХОВЫН Дүйчэн, ЗУЛЫН 25-НЫ ӨДӨР”-ийг тэмдэглэх хөтөлбөр

“Богд зонховын Дүйчэн, зулын 25-ны өдөр”-ийг тохиолдуулан МБШТөв Гандантэгчэнлин хийдээс 2020.12.10-ны өдөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд: 

  • 06:30-08.00     Сүсэгтэн олонд зориулж нэг өдрийн сахил хүртээнэ
  • 08:00-22:00  “Богд ламын чого” хурал ном Гандан дуганд хурна
  • 08:00-22:00     “Сандуйн чого” хурал ном Очирдарь Бурханы дуганд хурна
  • 11:00               “Богд Зонховын Дүйчэн, зулын 25-ны өдөр”-ийн номын айлдварыг МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Их хамба лам, гавж  Д.Чойжамц айлдана
  • 20:00 Зул өргөх ёслол (МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы урд талбайд) (Covid-19 Цар тахал түргэн амирлах, өвдсөн хүмүүс эрүүл байхад зориулна.) Шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.