Испанийн Барселона хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн арслангаас коронавирусийн халдвар илэрсэн гэж албаныхан мэдээлжээ.
Зала, Нима, Рун Рун нэртэй 16 настай гурван эрслэн болон дөрвөн настай эрэгчин Киумбэ нарт "Ковид-19"-ийн халдварын бага зэргийн шинж тэмдэг илэрснийг анзаарсан амьтан арчлагчид тэднийг шинжилгээнд хамруулсан байна. Тэдэнд маш хөнгөн хэлбэрийн ханиадтай төстэй шинж тэмдэг илэрсэн хэдий ч амьсгалахад нь хүндрэл тулгараагүй бөгөөд арслангуудад үрэвслийн эсрэг эмчилгээ хийжээ.
Энэ нь дэлхийн амьтны хүрээлэнгийн муурын төрлийн араатанд коронавирусийн халдвар илэрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Өмнө нь АНУ-ын Нью-Йоркийн амьтны хүрээлэнд дөрвөн бар, гурван арслангийн хамт цар тахлаар өвчлөөд байсан билээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард өвчилсөн эдгээр амьтад одоо бүгд бүрэн эдгэрсэн байна.
Барселонагийн Мал эмнэлгийн алба Нью-Йорк дахь мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо барин, амьтны хүрээлэнд гараад буй халдварын тархалтыг хэрхэн хянах талаар зөвлөгөө авчээ. Одоогоор амьтны хүрээлэнгийн ажилтнууд халдвар авсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд арслангууд хэрхэн халдвар авсан болохыг албаныхан шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Sky News