Сэтгэц засалч, их эмч Р.Эрдэнэчимэгтэй архи, согтууруулах ундааны донтолт, эмгэг, өвчний талаар ярилцлаа. Тэрээр монголчуудад архийг задалдаг фермент бусад үндэстэнтэй харьцуулахад маш бага байдаг учир донтох, цаашилбал сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр байдаг гэв.
Сэтгэц засалч, их эмч Р.Эрдэнэчимэг:
-Архи гэдэг өөрөө этилийн спирт юм. Этилийн спирт хэрэглэх нь сэтгэцэд нөлөөлдөг, дон үүсгэдэг, авир араншин, зан төлөвт нөлөөлдөг, мэдрэмж маш их царцдаг, хөндий хүйтэн, бусдыг хайрладаггүй болгодог нэг төрлийн сэтгэцийн эмгэг юм.
Энэ төрлийн хэрэглээнд хоёр төрлийн хандлага байна. Багаасаа баруунд өссөн, хэрэглээг мэддэг нэг хэсэг байгаа. Нөгөө талаасаа мэдлэг мэдээлэлгүй, мэддэггүйгээсээ болоод бусдын нөлөөнд автдаг, хүчээр шахалтад орж уудаг гэх мэт өртдөг хэсэг байна. Голдуу нийгмийн шинж чанартай архи гэдэг зүйлийг хэрэглэдэг л болохоос хүн зүв зүгээр ганцаараа сууж байгаад ууж, амсаж эхэлдэггүй.
Архидалтыг хүмүүс өвчин гэж боддоггүй учраас өөгшүүлдэг. Тэр тусмаа гэр бүл нь. Нэг архинд донтох эмгэгтэй хүний ард 4-45 хүн давхар сэтгэцийн өвчлөл, дарамт, хүчирхийлэлд өртөөд байж байдаг.
Архидалт бол нийгэм сэтгэл зүйн шалтгаантай, маш олон дахидаг өвчин.
СЭМҮТ, Олон улсын байгууллага хамтран хийсэн судалгаагаар Монгол улсын насанд хүрсэн хүн амын 50-иас дээш хувь нь архинд донтох эмгэгтэй гэж гарсан.
Архины донтолтоос салах эмчилгээг гүйцэд хийлгэдэггүй хаях нь их байдаг. Нийт эмчлүүлэгсдийн 10 хувь нь л эмчилгээгээ гүйцээдэг.
Архигүйгээр байж чадахгүй болсон хамааралтай болсон хүмүүс хөл хорионы үед маш хүнд байдалд гэнэт ордог. Тэгээд тэр өвдөлт, шок, уур бухимдлаа гэрийнхэндээ гаргадаг. Ямар нэг аргаар олж уух гэж зүтгэдэг.
Олдохгүй бол олж чадахгүй бол санитас, гэр орон ариутгадаг эмнэлэгийн цэнхэр спирт, бүр техникийн спирт гэх мэт хортой бодис хэрэглэдэг. Үүний нэг жишээ нь сая уурхай дээр дөрвөн хүн техникийн спиртэд хордсон мэдээлэл гарлаа шүү дээ. Энэ бол тэвчиж чадахгүй хэрэглээнээс болоод маш их дур төрж юу ч хамаагүй ууж иддэг. Бүр эм тан гээд хэрэглэхгүй юм байхгүй.
ДЭМБ-аас 2013 он хүртэл тохирсон тун гэдэг зөвлөмж байсан. Харин өнөөдрийг хүртэл олон улсад огт хэрэглэхгүй байя гэдэг уриалгыг зөв гэж үзэж байгаа. Зөв хэрэглээ гэж 20 гр, 30 гр, 50 гр уусаар байтал нэмэгдсээр дасал болсон байх нь бий.
Гэр бүл нуудаг, гэр бүл зогсоодоггүй учраас архинд донтох эмгэг улам даамжирдаг. Мөн гэр бүлийн гишүүд өөрсдийгөө өвчлүүлж, давхар хохироож байгаагаа мэддэггүй.
Архины хэрэгцээ байна, хүсэл байна, эмгэг дур байна. Сошиалд орж байгаа согтууруулах ундаатай холбоотой постууд үүний илрэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.