Энэтхэг улсын Андра Прадеш мужийн Элуру хотод өнгөрсөн хоногуудад олон зуун хүн учир битүүлгээр буюу онош нь тодорхойгүй өвчнөөр өвдөж эмнэлэгт хүргэгдсэн юм. Өвчтөнүүдэд дотор муухай оргих, нүд өвдөх, ухаан алдах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн ба бага насны хүүхдүүд ихээхэн хувийг нь эзэлжээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд олон зуун хүн нэг дор өвдсөн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тэгвэл тэдгээр өвдсөн хүмүүсийн цуснаас хар тугалга болон никел их хэмжээтэйгээр илэрчээ.
Одоогоор 500 гаруй хүн эмнэлэгт хэвтсэний 300 орчим нь эмнэлгээс гарсан байна. Харамсалтай нь нэг хүн нас баржээ. Өвдсөн хүмүүс хүнд байдалтай ирж байгаа ч түргэн эмчлэгдэж байна гэж үзсэн. Бүх Энэтхэгийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэн цусны дээжийг шинжлэн урьдчилсан дүгнэлтийг ийнхүү танилцуулжээ.
Мөн Энэтхэгийн химийн технологийн хүрээлэн шинжилгээ судалгааг эхлүүлсэн ба шинжилгээний хариуг хүлээж байна гэж холбогдох хүмүүс мэдээлэв.
Учир битүүлгээр өвдсөн хүмүүсийн 20 орчмынх нь цусны дээжийг нийслэл Дели рүү илгээсэн бөгөөд Элуру хотын сүүний дээжийг шалгаж эхэлжээ. Хотын ундны усыг шалгаж үзэхэд одоогоор хар тугалга, никел илрээгүй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.