АНУ-ын Axios цахим хуудсанд БНХАУ-ын иргэн Фан Фан буюу Кристин Фан Бэй Эриад тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тухай нийтэлжээ. Тэрээр Калифорни мужийн хотын хоёр ч даргатай дотно харилцаатай байсан ба олон жилийн турш Америкийн улс төрчдийн ойрын хүрээлэлд багтаж мэдээлэл цуглуулсан хэмээн дурдсан байна.
Кристин Фан 2011-2015 оны хооронд АНУ-д тагнуулын үүрэг гүйцэтгэж, улс төрчидтэй дотноссоны дараа Холбооны мөрдөх товчоо түүний үйл хөдлөлийг шалгаж эхлэх үед 2015 онд Хятад руу буцаад эргэн ирээгүй ажээ.
Энэ жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшсэн Эрик Сволвелл, Тулси Габбард нарт Фан хандив цуглуулахад тусалсан гэх мэдээллийг мөн эх сурвалжууд нийтэлсэн байна. Axios цахим хуудсанд дурдсанаар Фан Хятадын Засгийн газартай жирийн бус харилцаатай гэх асуудал гарсан даруйд Сволвелл холбоогоо тасалсан тул түүнийг буруутгах үндэслэлгүй гэж бичжээ. Харин Габбард Фантай уулзах бүү хэл ярилцаж байсан тохиолдлоо ч огт санахгүй байна гэжээ.
Одоогоор Америкийн Хуульзүйн яам тагнуулч гэгдээд буй эмэгтэйн эсрэг ямар нэг хэрэг үүсгээгүй байгаа юм. Хамгийн гол нь Кристин Фантай холбоотой хэрэг Хятадын талаас Америкийн улс төрийн хүрээлэлд явуулж буй үйл ажиллагааны стратегийн хэв байдлыг харуулж байна хэмээн судлаачид үзжээ.
Фан Фан 20-30 настай байхдаа АНУ-д ирж, Калифорни мужийн Ийст Бэй их сургуульд элсэн орж, найз нөхөдтэй болон хүрээллээ тэлж эхэлжээ. Тэр сургуулийн удирдах алба тушаалтны байр суурийг ашиглан улс төрчидтэй холбогдох болсон байна. Удалгүй Бэй Эриагийн улс төрийн арга хэмжээнүүдэд голлох үүрэг гүйцэтгэн, сайн дураараа кампанит ажлуудад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Ардчилсан намын улс төрчдөд хандив цуглуулахад тусалсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Твиттертээ Бээжингийн профессор “Бидэнд Америкийн улс төр, эрх мэдэлтнүүдийн ойрын хүрээлэлд нөлөө үзүүлэх хүмүүс бий” гэж мэдэгдсэн Такер Карлсоны мэдээллийг дахин жиргэсний маргааш буюу мягмар гарагт Axios цахим хуудас Хятадын тагнуулч бүсгүйн талаарх мэдээллийг дэлгэжээ.
Эх сурвалж: Business Insider
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.