ОХУ-ын бүс нутгуудын хүнсний брэнд бүтээгдэхүүнүүдийн "Оросын амтнууд" үндэсний анхдугаар уралдааны үр дүн гарчээ.
Уг тэмцээнд нийт 500 гаруй хоол нэр дэвшсэнээс бүс нутгийн шилдэг гурван брэнд тэр дороо тодорсон байна. Тэдний нэг нь буриад бууз аж. Ялагчдыг ОХУ-ын оршин суугчид нээлттэй санал хураалтаар сонгосон байна.
Уралдааны үр дүнг цахимаар танилцуулж байх үеэр Буриадын тэргүүн Алексей Цыденов бууз хэрхэн чимхэхийг хийж үзүүлээд, "Маш энгийн аргаар бэлтгэдэг буриад буузыг айл өрх бүрт хийдэг бөгөөд гараараа чимхдэг. Энэ нь л тэднийг хамгийн амттай болгодог юм. Буриад нутгийн бүхий л сэтгэл зүрх, амт чанар, үнэт баялаг багтсан байдаг учир" хэмээн тэмдэглэжээ.
"Оросын амтнууд" тэмцээнд Буриад улс нийт таван хоол хүнсний бараагаа нэр дэвшүүлсэн байна. Эдгээрт буузнаас гадна Байгаль нуурын модны давирхай, Боргой сумын мах, чацаргана, буриад эмч нарын цай зэрэг багтжээ. Санал хураалт арванхоёрдугаар сарын 2-н хүртэл үргэлжилсэн бөгөөд тэмцээн эхэлсэн даруйд буриад бууз тэргүүлэх байр суурийг эзэлсэн байна.
Шилдгээр шалгарсан брэндүүд Хөдөө аж ахуйн яамнаас санхүүгийн тусламж, дэмжлэг авах бөгөөд нэр дэвшсэн бүтээгдэхүүнүүд ч мөн олонд танигдан, шинэ зах зээлд нэвтрэх боломжтой болох юм.
Эх сурвалж: arigus.tv
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.