Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “SARS-CoV-2” вирусийн эсрэг 144 өөр вакцины туршилт идэвхтэй явагдаж байна.
Тухайлбал, 58 вакцины судалгааны ажил эмнэлзүйн туршилтын үе шатуудад хүрээд байгаа бол үлдсэн 86 туршилт клиникийн өмнөх судалгааны төвшинд үргэлжилж байгаа аж. Үүнээс одоогийн байдлаар 13 вакцины судалгаа клиникийн туршилтын сүүлийн үе шат буюу эмнэлзүйн судалгааны гуравдугаар үе шатанд хүрснээс, дөрвөн вакцины судалгаа завсрын үр дүнгээ танилцуулаад байна.
Монгол Улс өнгөрөгч долдугаар сард ДЭМБ, Европын холбоо, Дэлхийн банк болон Вакцин, дархлаажуулалтын глобаль альянс буюу “GAVI” зэрэг олон улсын байгууллагуудын санаачилгаар хамтран хэрэгжүүлж буй “COVID-19”-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудыг тэгш хүртээмжтэй байдлаар вакцинаар хангах зорилготой “COVAX” хөтөлбөрт нэгдэн орсон. Хөтөлбөрийн хүрээнд “COVAX”-ийн гишүүн орнуудын нийт хүн амынх 20 хувийг үнэ төлбөргүй вакцинаар хангах юм. Өөрөөр хэлбэл манай улсын 660 мянга гаруй иргэн “COVID-19”-ийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж.
Харин Шадар сайд Я.Содбаатарын мэдээлснээр “COVAX” хөтөлбөрийн хүрээнд манай улс 20 хувь дээрээ нэмэх нь нийт хүн амын 40 хувь буюу 1.32 сая иргэнийг дархлаажуулах вакцины тунг Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах яриа хэлэлцээрийг эхлүүлжээ. Үндсэндээ Монгол Улс эхний ээлжид нийт хүний амын 60 хувь буюу 2 сая орчим иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж байгаа юм. Хэрэв 1.3 сая хүүхдийг вакцинд хамруулахгүй гэж тооцвол дээрх тоо үлдсэн 2 сая орчим насанд хүрсэн иргэдэд хангалттай хүрэлцэх хэмжээ юм.
Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улс “COVID-19”-ийн эсрэг вакциныг дэлхийн бусад орноос түрүүлж авах боломжтой гэж мэдэгдсэн. Учир нь дарааллаараа Манай улс “COVAX” хөтөлбөрт нэгдэн орсон дэлхийн дөрөв дэх улс юм. Тиймээс нэг талдаа Гадаад харилцааны сайдын энэхүү өөдрөг хүлээлт бодит байх талтай.
Гэхдээ өнөөг хүртэл Монгол Улс аль вакциныг, хэзээ, ямар үнээр худалдан авах вэ гэх асуултууд тодорхой хариултгүй хэвээр байна. Бидэнд хамгийн томоор нээгдсэн хаалга буюу “COVAX” хөтөлбөрийн хүрээнд бид аль ч вакциныг сонгон, худалдан авах боломжтой. Гэвч тухайн сонгосон вакциныг үйлдвэрлэх хүчин чадал, эрэлт зэргээс шалтгаалан хэзээ вакцинтай золгох вэ гэх асуулт тодорхойгүй юм.
Харин үнийн хувьд одоогоор “Moderna” компанийн “mRNA1271” вакцины нэг тун 25 ам.доллар буюу хоёр тун нийлээд 50 ам.доллар байх төлөвтэй байна. Манай улс 2 сая иргэнээ энэхүү вакцинаар дархлаажуулахын тулд 100 сая ам.долларыг төсвөөс гаргах шаардлагатай. Энэ бол Монгол Улсын ДНБ-ийн 0.21 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм.
Тэгвэл клиник туршилтын гуравдугаар үе шатны завсрын үр дүнгээ танилцуулсан бусад гурван вакцины нэр дэвшигчдийн хувьд “Pfizer” болон “BioNTech”-гийн “BNT162b2” вакцины хоёр тун 19.5 ам.доллар, “AstraZeneca”-гийн “AZD1222” вакцины хоёр тун хамгийн хямд буюу 3-4 ам.доллар байх төлөвтэй байна. Харин ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан “Sputnik-V” вакцины хоёр тун 20-26 ам.доллараар худалдаалагдах хандлагатай байгаа юм. Харин 2 сая иргэнд зориулж “BNT162b2” вакциныг худалдан авахад төсвөөс 38.6 сая ам.доллар, “AZD1222” вакциныг худалдан авахад 7.9 сая ам.доллар, “Sputnik-V” вакциныг авахад 15.6 сая ам.доллар тус тус шаардагдах юм. Товчхондоо Монгол Улс хүн амынхаа 60 хувийг “COVID-19”-ийн эсрэг вакцин хамруулахын тулд 7.9-99 сая ам.доллар гаргах ёстой болж байна.
Гэсэн ч хамгийн том асуудал бол бид вакцины хүссэн хэмжээг, төлөвлөснийхөө дагуу авч чадах уу гэх асуулт юм. Мэдээж үүний хариулт биднээс үл шалтгаална. Хөрөнгө оруулалтын “CITI” банкны тооцоолсноор АНУ, Их Британи, Канад, Япон болон Европын холбооны хөгжингүй орнууд дэлхийн хэмжээнд амжилттай яваа туршилтын вакцинуудын нийт урьдчилсан захиалгын 85 хувийг худалдан авч, баталгаажуулаад байна. Харин АНУ-ын Дюкийн их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн инновацийн төвийн мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор Канад улс л гэхэд нийт хүн амынхаа 601 хувьтай тэнцэх хэмжээний вакцины тунг худалдан авсан бөгөөд худалдан авахаар яриа хэлэлцээр хийж байгаа аж. Харин АНУ нийт хүн амынхаа 442 хувь, Их Британи 419 хувь, Австрали 267 хувь, Европын холбоо 246 хувь, Чили 222 хувь, Шинэ Зеланд 117 хувь, Япон 116 хувь, Израиль 110 хувь, Мексик, Индонез тус бүр 83 хувьд тус тус ногдох вакцины тунг баталгаажуулах ажилд төвлөрөөд байна.
Тиймээс Монгол Улс хангалттай хэмжээний вакцины тунг хүлээн авах хүртэл нэлээд урт дарааллын ард зогсох шаардлагатай харагдаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинжлэх ухааны ахлах зөвлөх Монсеф Слауи өнгөрөгч долоо хоногт “The Washington Post” сонинд ярилцлага өгөх үеэрээ коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх өнөөгийн хүчин чадлыг харгалзан үзвэл 2022 оны сүүлч гэхэд дэлхийн нийт хүн амыг вакцинжуулж дуусна гэж мэдэгдсэн.
Тодруулбал, “Moderna” компани ирэх онд 500 саяас нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэж, олон улсад нийлүүлэх боломжтой талаар мэдээлсэн бол “Pfizer”-ийн хувьд 2021 онд 1.5 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.
Үндсэндээ бидний хувьд хэний аль вакциныг худалдан авах нь цэвэр сонголтын асуудал бөгөөд одоогоор хамгийн өндөр итгэл найдвар төрүүлээд байгаа дөрвөн вакцины хувьд худалдан авах нийт өртөг нь тодорхой байгаа болов ч вакцины шаардлагатай тунг хэзээ хүлээн авах эсэх нь биднээс үл шалтгаалах тодорхойгүй аж.
Эх сурвалж: ubchamber
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.