Дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн улс Их Британи боллоо. Их Британийн бүрэлдэхүүн Умард Ирландад амьдардаг 90 настай эмэгтэй туршилтанд орсон сайн дурынхнаас гадна коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн дэлхийн анхны иргэн болжээ.
АНУ-ын Пфайзер болон ХБНГУ-ын БиоНТек фирмүүдийн хамтарсан mRNA вакцины 40 сая тунг Их Британийн Засгийн газар урьдчилан захиалсан. Сарын хугацаанд хоёр удаагийн тунгаар Ковид-19-ийн эсрэг дархлаа тогтоох уг вакцины эхний ээлж өнгөрсөн долоо хоногт Их Британид тээвэрлэгдсэн ирсэн юм.
Хатагтай Маргарет Кийнэн Ковентри их сургуулийн эмнэлэгт вакцин хийлгэснээр Их Британийн өргөн хүрээтэй вакцинжуулах хөтөлбөр албан ёсоор эхэлжээ. Засгийн газрын агентлагууд эрүүл мэнд, асаргааны газрын ажилтнууд болон 80-аас дээш насны хүмүүсийг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт тооцон эхний ээлжинд вакцинжуулах хөтөлбөрт хамруулахаар болсон юм.
Уг хөтөлбөрийн тусламжтайгаар иргэдийг цар тахлаас хамгаалж, эргэн хэвийн амьдралд нь шилжүүлнэ гэж үзсэн. Хатагтай Кийнэн өглөөний 06:30 минутад вакцинаа хийлгэсэн бөгөөд “Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн анхны хүн болж байгаа нь тун онцгой санагдаж байна. Энэ миний төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг боллоо. Учир нь би гэр бүл, найз нөхөдтэйгээ ирэх жилүүдэд илүү удаан хамт байж чадахаар болж байна” хэмээн хэлжээ. Мөн тэрээр вакцинжуулах хөтөлбөрт хамруулж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд, бусад эрх баригчдад талархлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.