Францын өгөөмөр хандивлагч гэрээслэлдээ өөрийн хөрөнгийн нэгээхэн хэсгийг ОХУ-ын алдарт Эрмитажийн музейд амьдардаг 50 орчим мууранд өвлүүлэхээ дурджээ. Санкт-Петербург хотод байдаг уг музейд 3 сая орчим урлагийн бүтээл байрлаж, олон зуун хүн ажилладаг боловч чинээлэг франц эрхэм зөвхөн муурнуудад зориулан хөрөнгийнхөө хэсгийг үлдээсэн байна.
Энэ ордонд 1741-1761 оны хооронд Оросын хатан хаан Элизабет Засгийн эрх барин сууснаас хойш муур амьдарч эхэлсэн гэж үздэг ажээ. Эрмитажийн музейг үүсгэн байгуулагч агуу Екатерина хатан ховор нандин урлагийн бүтээлийн цуглуулгуудыг мэрэгч амьтдаас хамгаалахын тулд муурнуудыг амьдруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Тэдгээр муурнуудыг сайн дурынхан болон музейн алба хаагчид халамжилдаг бөгөөд сайхан сэтгэлтэй, өгөөмөр, амьтанд хайртай хандивлагчид дэмжин тусалдаг байна. Муурнууд өөрсдийн гэсэн угаалгын машинтай төдийгүй малын эмчийн үйлчилгээг тогтмол авдаг гэнэ.
Музейн Ерөнхий захирал Михаил Пиотровский “Бидний франц анд нөхөр муурнуудад төдийгүй хандивлагчдад үлгэр жишээ болохуйц үйлдэл хийсэн. Өв залгамжлуулсан хөрөнгийн хэмжээ их биш боловч гэрээслэлдээ муурнуудыг дурсан үлдээнэ гэдэг маш чухал зүйл юм. Францаас хуульчид бидэнтэй холбоо барьсан. Энэ тухай мэдэгдэхэд үнэхээр сонирхолтой санагдсан” хэмээн хэвлэлийн хурал дээр ярьжээ.
Түүнчлэн Францын хандивлагчийн үлдээсэн мөнгөөр муурнуудын амьдардаг байрыг сэргээн засварлахад хэрэглэх юм байна. Үүнээс өмнө Оросын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч агсан Владимир Фортов Эрмитажийн музейн муурнуудын сайн найз нь байсан бөгөөд өнгөрсөн сард таалал төгсөхдөө тэдэнд хөрөнгийнхөө хэсгээс таслан үлдээжээ.
Эрмитажийн музейгээр жилд дунджаар таван сая орчим жуулчин зочилдог байна. Нэг дор долоон мянга хүртэл хэмжээний зочин хүлээж авах боломжтой гэж үздэг.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.