Итали улсын иргэн эхнэртэйгээ маргалдаж гэрээсээ гараад долоо хоногийн турш 450 км явган алхсаны эцэст цагдааг баригдан, хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр торгуульжээ.
Уг эрэгтэйг цахим сүлжээнд Форрест Гамп хэмээн хочилсон байна. 1994 онд гарсан Форрест Гамп киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Том Хэнкс тоглодог ба тэрээр АНУ даяар хэдэн мянган км гүйдэг билээ.
Цагдаа нар Комо мужийн хойд хэсэг дэх гэрээсээ гарсан иргэнийг долоо хоногийн дараа Адриатын тэнгисийн эрэг дэх Фано хотод шөнө 02 цагийн үед алхаж явахад нь саатуулжээ.
Итали улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон байсан тул 48 настай уг эрэгтэйг цагдаа нар хөл хорио зөрчсөнийнх нь төлөө 400 еврогоор торгосон байна.
Цахим сүлжээнд иргэд уг эрэгтэйг баатар хэмээн ярьж, торгууль ноогдуулсан явдлыг шүүмжлэн буруутгажээ. Цахим сүлжээний хэрэглэгчдийн нэг түүнийг баатар гэж нэрлэн, торгохын оронд шагнах ёстой хэмээн магтан, шинэ хос гутал бэлэглэсэн байна.
Нөгөө талаар уг эрэгтэй эхнэртэйгээ маргалдсан ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийн оронд уураа дарахын тулд гарч алхсан явдлыг сайшааж байгаа юм. Форрест Гамп хэмээн хочлогдсон иргэн цагдаагийн ажилтанд “би хөлөөрөө алхаж энд ирсэн. Тээврийн хэрэгсэл огт ашиглаагүй. Замынхаа туршид надад хүнс, уух зүйлээр туслахыг хүссэн хүмүүстэй л уулзсан. Жаахан л ядарсан болохоос биш би зүгээр” хэмээн хэлжээ.
Тэрээр хоногт дунджаар 60 км алхсан байна. Цагдаагийн ажилтан түүнийг ямар нэг онцын чухал ажилгүй, зорилгогүй хүйтэн шөнө ганцаараа алхаж явааг хараад ихэд гайхсан байна. Биеийн байцаалтыг нь шалгахад эхнэр нь түүнийг сураггүй алга болсон хэмээн цагдаагийн газарт мэдээлсэн байсныг олжээ. Эхнэрт нь нөхрийг нь олсон тухай мэдэгдэхэд Фанод ирж нөхөртэйгээ уулзсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.