ОХУ-ын нийслэл Москва хотын шүүхээс Украины хөлбөмбөгчин асан Василий Василенког Киевийн талд тагнуул хийсэн хэмээн буруутгаж, 12 жилийн хорих ялаар шийтгэжээ.
1992-2001 оны хооронд Украины "Таврия", "Торпедо", "Дружба" зэрэг хөлбөмбөгийн багт тоглож байсан Василенког ОХУ-ын албаныхан 2019 оны аравдугаар сард хууль бусаар бараа хил давуулсан хэргээр саатуулсан ба удалгүй тагнуул хийсэн гэж буруутгасан. Гэвч уг хэрэг нууцлалын зэрэглэлтэй тул эрх баригчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Харин "РИА" мэдээллийн агентлагийн мэдээлснээр Василенко Украины Батлан хамгаалах яамны өмнөөс 1960-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэсэн цэргийн техник хэрэгслийг авах гэж байгаад баригдсан аж. Түүнчлэн Василенко тагнуул хийсэн гэх хэргийг эрс няцааж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.
ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэж, Украины зүүн хэсгийн зэвсэгт салан тусгаарлагчдыг дэмжиж эхэлснээс хойш Орос, Украины хоорондох харилцаа хурцадсан билээ. Үүнээс хойш ОХУ хэд хэдэн хүнийг Украины талд тагнуул хийсэн гэж буруутган баривчилсан. Тэдний дотор өнгөрөгч наймдугаар сард баривчлагдсан Оросын Стратегийн пуужингийн цэргийн албан хаагч болон 2019 оны арваннэгдүгээр сард баривчлагдсан Крымийн хойгт Оросын Хар тэнгисийн флотод ажиллаж байсан эмэгтэй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.