АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден ирэх нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөхөөр төлөвлөж байна. Тэрээр Ерөнхийлөгч болсон даруйдаа ойрын хүрээллээ хэрхэн бүрдүүлэхээ танилцуулж эхлээд байгаа.
Сүүлд авсан мэдээллээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд буюу Пентагоны захирагчаар тэтгэвэртээ гарсан генерал Ллойд Остиныг сонгож магадгүй хэмээн яригдаж байна. Ллойд Остин нь тэтгэвэртээ гарахаас өмнө АНУ-ын Зэвсэгт хүчний төвийн командлалын командлагчаар ажиллаж байжээ.
Хэрэв армийн генерал Остиныг дэвшүүлсэн саналыг Сенатад баталвал тэрээр АНУ-ын түүхэнд Батлан хамгаалах албыг удирдах анхны өнгөт арьст эрхэм болох юм. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Жо Байден генерал Ллойд Остинтой холбогдож шинэ ажлын санал тавьсныг тэрбээр хүлээж авсан ажээ. Америкийн улс төрийн сэтгүүл Politico-д энэ талаар анхлан мэдээлжээ.
Нэгдсэн улсын Батлан хамгаалах алба Пентагоны удирдагч маш өндөр эрх мэдэлтэй, чухал байр суурь юм. Уг салбарын сайд Засгийн газрын хамгийн том агентлагийг хянахын зэрэгцээ дэлхий даяар алба хааж буй Нэгдсэн улсын цэргүүдийг командалдаг. Мөн Пентагоны дотоод үйл ажиллагааг хянан зохицуулах эрх мэдэлтэй болох юм.
Генерал Ллойд Остин Пентагонд удаан хугацаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатайн дээр Байдентай өнгөрсөн хугацаанд тун нийцтэй хамтран ажиллаж байжээ. Байден дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Остинтой олон төсөл дээр хамтран ажилласан. Тухайлбал 2013-2016 оны хооронд Ойрхи Дорнод, төв болон өмнөд Азийн асуудлыг шийдвэрлэхэд Остин цэрэг армийн нэгжийг командлан Байдентай ажилласан байдаг. Мөн Байденыг дэд Ерөнхийлөгч байхад Остин Армийн штабын орлогч даргаар ажиллаж, Ирак дахь Америкийн цэргийн хүчнийг командалж байсан юм.
Гэхдээ Ллойд Остин энэ албан тушаалд томилогдоход нэг саад бий. Учир нь Холбооны хуулиар Батлан хамгаалахын сайд болох хүн багадаа долоон жилийн хугацаанд идэвхтэй үүрэг гүйцэтгээгүй байх ёстой. Харин Остин армиас халагдаад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн. Энэ тохиолдолд Конгрессийн хуралдаанаар оруулж дэмжлэг авах ёстой байдаг.
Энэ аргыг 2017 онд Ерөнхийлөгч Дональд Трамп тэнгисийн цэргийн генерал Жэймс Маттисыг Батлан хамгаалахын сайдаар томилохдоо хэрэглэж байсан юм. Конгрессийн дээд, доод танхимуудад дэмжсэнээр Маттис Пентагоныг даргалсан билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.