Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт жил бүр Швейцарийн Давос хотод зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Үзэсгэлэнт цанын бааз бүхий Давос хотноо улс төр, бизнесийн шилдэг удирдагчид цуглан дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцдэг боловч ирэх жил байршлаа сольж Сингапур улс руу нүүхээр болжээ.
Азийн санхүү, бизнесийн төв болсон Сингапур улсад дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулахаар болсон нь коронавируст цар тахлын үед оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой ажээ. Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой газар нь Сингапур улс хэмээн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.
Форумыг зохион байгуулагчдын хэлж байгаагаар Сингапур улс цар тахлын үеийн нөхцөл байдлыг намжаахад зохион байгуулалт сайтай, амжилттай ажиллаж чаджээ. Сингапурын Эрүүл мэндийн яамны мэдээгээр тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 58,273 хүн халдварласан ба 29 хүн нас барсан байна. Халдвар авсан 58,168 хүн бүрэн эдгэсэн бөгөөд яг одоогийн байдлаар 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал сайн, эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.
Гэсэн ч тус улс хорио цээрийн хоёрдугаар зэргийн дэглэмийг баримталсан хэвээр байгаа юм. Энэ нь таваас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон ба ихэнх компани, аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд гэрээсээ ажилласаар байна.
Сингапур улсын Худалдааны сайд Чан Чун Синг дэлхийн эдийн засгийн хамгийн том форумыг зохион байгуулахаар болсон нь Сингапур дэлхийн удирдагчдын аюулгүй байдлыг хамгаалах чадамжтай гэдгийг батлан харуулж буй үйл явдал гэдгийг онцлон тэмдэглэжээ. Дэлхийн эдийн засгийн форум ирэх жилийн тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд болох ба ингэхдээ ирж буй бүх зочдыг коронавирусийн шинжилгээнд хамруулж, ойрын холбоотой хүмүүсийг нарийн бүртгэнэ.
Хэдийгээр 2021 оны Дэлхийн эдийн засгийн форум Сингапур улсад зохион байгуулагдах ч 2022 онд эргэн Швейцарь улсад зохион байгуулагдах ажээ. Энэ жилийн Давосын чуулган уламжлал ёсоор өнгөрсөн нэгдүгээр сард, өөрөөр хэлбэл коронавируст цар тахал дэлхий даяар тархахаас өмнө зохион байгуулагдсан юм.
Давосын чуулган түүхэндээ хоёр дахь удаагаа нүүдэллэж, өөр газарт зохион байгуулагдахаар болсон. Хамгийн анх Нью-Йоркийн ихэр цамхаг террорист халдлагад өртсөний дараа дэлхийн нийтийн эв нэгдлийг батлан харуулахын тулд 2002 онд Нью-Йоркод зохион байгуулагдаж байжээ.
Ирэх жилийн дэлхийн эдийн засгийн форум цар тахалтай холбогдуулан эдийн засгийн хямралаас хэрхэн гарах, эргэн сэргэх тухай асуудлыг голчлон хэлэлцэх нь тодорхой юм. 1970-аад оны үед уг форумыг санаачлан, үүсгэн байгуулан, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа Германы эдийн засагч, инженер Клаус Шваб “итгэл найдвар төрүүлэхээс илүү төрийн болон хувийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.