Автобус-1 баазын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус компанийн ажилчид болон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахыг нь зогсоосон. Тус баазын жолооч, ажилчдыг давтан шинжилгээнд хамруулах, автобуснуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх шаардлага үүссэн.
Энэ нь нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжид хэрхэн нөлөөлж буй, тус баазын үйлчилгээ үзүүлж байсан чиглэлүүдэд ямар зохион байгуулалт хийсэн талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа. Тэрбээр “Автобус-1 бааз дээр 535 хүнд шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногийн пүрэв гарагт дахин давтан шинжилгээ хийнэ. Үүний дараа үйл ажиллагааг нь хэвийн зохион байгуулалтад оруулна. Тус баазын хувьд нийт 102 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс бусад автобус баазуудын нөөцийн автобусыг үйлчилгээнд гаргаж, Автобус 1-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд явуулж байна. Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үйлчилж буй тул нийтийн тээврээр зорчигсод жирийн үеийнхээс цөөрсөн. Нийт 879 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр 855 автобус явж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.