АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын 15 настай эрдэмтэн, зохион бүтээгч охин Гитанжали Рао "Time" сэтгүүлийн "Оны хүүхэд"-ээр сонгогджээ.
Рао ундны усан дахь хар тугалгыг илрүүлдэг төхөөрөмж, кибер хүчирхийллийг илрүүлэх хиймэл оюун ухааныг ашигладаг программ зэрэг хэд хэдэн салбарын олон шинэ технологийг зохион бүтээсэн байна.
Таван мянган нэр дэвшигчдийн дундаас ялагчаар тодорсон Гитанжали Холливудын од Анжелина Жолитой ярилцахдаа "Би хүн бүхний төсөөлдөг ердийн эрдэмтэн шиг харагддаггүй. Телевизээр миний хардаг эрдэмтэн болгон ахимаг насны, ихэвчлэн цагаан арьст хүмүүс байдаг.
Анх миний зорилго дэлхийн асуудлуудыг шийдэхийн тулд өөрийн төхөөрөмжийг бүтээх байсан бол одоо бусдад ч мөн адил зүйлийг хийх урам зориг өгөхийг хүсэж байна. Учир нь хувийн туршлагаас харахад өөртэй чинь төстэй хүн харагдахгүй байхад үүнийг хийх тийм ч амар биш. Тиймээс би нэг зүйлийг хэлэхийг үнэхээр хүсэж байна. Хэрэв би үүнийг хийж чадаж байвал та ч үүнийг хийж чадна, хэн ч үүнийг хийж чадна" хэмээжээ.
"Time" сэтгүүл жил бүр дэлхийн нэг хүнийг сонгон, "Оны онцлох хүн"-ээр өргөмжилдөг уламжлалаа 1927 оноос хойш тасралтгүй үргэлжлүүлж байгаа бөгөөд харин "Оны хүүхэд"-ийг тодруулж байгаа нь энэ жил анхны тохиолдол юм. Өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэн Грета Тунберг 16 насандаа "Оны онцлох хүн"-ээр өргөмжлөгдөж, хамгийн залуу "Оны хүн" болж байсан билээ.
Тэгвэл тус сэтгүүл анхны "Оны хүүхэд"-ийг шалгаруулах явцаа "Nickelodeon" хүүхдийн сувагтай хамтран зохион байгуулсан байна. Нэр дэвшигчид нь АНУ-д байрладаг таван мянган хүүхэд байсан бөгөөд тэдний дундаас таван хүүхдийг эцсийн шалгаруулалтад сонгосон гэнэ. Ингээд Гитанжали Рао болон бусад дөрвөн хүүхдийг ирэх баасан гарагт болох телевизийн тусгай ёслолын арга хэмжээний үеэр шагнах аж.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.