Дэлхийн нийтээрээ COVID19 цар тахалтай нүүр тулаад бараг бүтэн жилийн нүүрийг үзлээ. Монгол Улс энэ цар тахлаас хамгаалах арга хэмжээ авч эхлээд бас л жил шахам болж байна.
Харамсалтай нь дотооддоо алдчихсан байгааг сарын өмнөөс бүгдээрээ мэдэж 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Хуулийн хэллэг нь энэ боловч товчхондоо хатуу хөл хорионд орсон юм.
Ийм байдалтай сар арай хүрээгүй байна.
Харин их олон үйл явдал боллоо.
Эцэст нь олон нийтийн дүгнэлтээр Улсын онцгой комиссын дарга, гишүүд орон гарсан шалтгаанаар ч юм уу, аль эсвэл дараалсан УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр хэт задгайрч назгайрснаас ч болсон уу, юутай ч COVID19-ийг дотооддоо алдсан нь хариуцлагын асуудалтай холбоотой гэдэг шүүмжийг өрнүүлсээр байна. Үүнтэй зэрэгцээд “...Хавтгай дэлхий дээр хаяалан амьдардаг Монгол Улс цар тахлын аюулыг алдах нь цаг хугацааны асуудал байсан. Харин ч сайн тэссэн. Сайн ч хамгаалсан. Тиймээс үүнийг хохирол багатай даван туулах нь чухал” гэсэн байр суурь нэлээд явах болов.
Ер нь бол “...Дээрх байдлын аль аль нь ортой. Одоо бид бие биеэ шүүж, яллаж суух биш, цаашид хэрхэх вэ гэдэг дээр ажил хэрэгч саналаа ярилцах цаг болсон” гэх хүн бас олон болж байна.
Тийм л дээ, манай улс тодорхой тооны халдвар тээгсдээ илрүүлж байгаа мэдээллийг өдөр бүр өгч байна.
Мэдээж хэрэг, иргэний амь, эрүүл мэндээс илүү зүйл гэж ямар ч төрд байхгүй. Хамгаалах үүрэгтэй. Зөв буруу зохион байгуулалт хийж, үзэж тараад л байна.
Гэхдээ COVID19 цар тахлын эсрэг үйл ажиллагаа зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн асуудлаар хэмжигдэхгүй.
Бүх нийтээр хатуу хөл хорионд орчихсон хэд хоногт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаа хүнд цохилтод оров. Аж ахуйн нэгжүүд, иргэдийн эдийн засаг ямархан богино хугацаанд “хэвтэх” вэ гэдгийг энэ хэдхэн хоногт бид мэдэрлээ, Засгийн газар харлаа.
20 гаруйхан хоног шүү дээ. Дахиад үргэлжилбэл юу болохыг хэлж чадах хүн алга.
Ямартай ч “...Дэлхийн нийтээр эдийн засаг хүндэрнэ. Монгол Улс ч тойрохгүй, дайрна”, өөрөөр хэлбэл, “...Тулаад ирсэн зовлонг туулаад гарна” гэдэг хатуужлын үгс хаа нэгтээгээс сонсогддог боллоо.
Энэ үг үнэний хувьтай болоод ирэв. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өнгөрсөн зун манай сонинд ярилцлага өгөхдөө “...Монгол оронд ирэх дөрвөн жилд асар хүнд сорилтууд тулгарч байна. Дэлхий дахинд цар тахал дэлгэрч, үүнээс улбаалаад эдийн засгийн хямрал эхэлж, тэр нь Монголын эдийн засагт 1997, 1998 оны Азийн хямрал, 2008, 2009 оны дэлхийн хямралаас үлэмж давуу, хүнд цохилт өгөх байдалтай болоод ирлээ” гэж байсан юм. Олон эдийн засагч үүнийг нотолж байна.
Ийм нөхцөлд Монголын төр, Засгийн газар яаж ажиллах вэ, ямар бодлого барих вэ гэдэг туйлын чухал болоод байгаа юм.
Ямартай ч хатуу хөл хорионы үед Засгийн газар ганц сайн шийдвэр гаргаж, арга хэмжээ авсныг олон нийт сайшааж байна.
Голдуу л “...Хавтгайрсан халамж ярьдаг, өөр зүйл сэтгэдэггүй” гэж шүүмжлүүлж байдаг Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны хуралдаанаараа сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх 2020 оны арванхоёрдугаар сарын 3-наас эхлээд 150 мянган төгрөгийн үнэтэй нэг тонн шахмал түлш 75 мянган төгрөг, харин 3750 төгрөгийн үнэтэй байсан 25 кг-ийн савлагаа бүхий шуудай түлш 1850 төгрөгөөр борлуулагдаж эхэлсэн байна. Энэ “хямдрал” ирэх 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Үүний зөрүүнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 30 гаруй тэрбум төгрөг гаргаж байгаа гэх мэдээлэл бий.
Ер нь бол “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлш өнгөрсөн жилээс эхлээд нийслэлийн өвлийн утааг илтэд бууруулаад байгаа. Нийслэлийнхэн энэ явдалд ам сайтай.
Ийм хатуу хөл хориотой үед “Тавантолгой түлш”-ийн сайжруулсан шахмал түлш 50 хувь хөнгөлөгдөж байгаа нь 2020 мянган өрх, тэгээд үйлдвэр, айл өрхүүдийн яндангийн утаагаар “уушиглаж” буй хотынхонд яалт ч үгүй л сайн шийдвэр болж байгаа юм.
Тиймээс үүнийг “...Засгийн газрын “Нэгийн үнээр хоёр” шийдвэр хорионы үеийн хамгийн сайн арга хэмжээ байлаа” гэцгээгээд ам сайтай байна.
Ер нь тэгээд “...Загас өгөх биш барих арга” гэдэг шиг аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан үүн шиг сайн шийдвэрүүдийг л олон нийт хүсч байгаа юм.
Б.ГАРЬД
2020.12.7 ДАВАА № 233 (6458)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.