АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн дүнг эсэргүүцэн, шүүхэд зарга үүсгээд буй хуулийн багийн ахлагч, хувийн өмгөөлөгч нь болох Руди Жулиани коронавирусийн халдвар авсан болохыг мэдээлжээ. Ерөнхийлөгч Трамп Твиттертээ “Удахгүй эдгээрэй Руди, бид ажлаа үргэлжлүүлсээр байна” хэмээн жиргэсэн байна.
Жулиани коронавирусээр халдварласан Трампын ойрын хүрээллийн хүмүүсийн сүүлчийнх нь болж байна. Цар тахлын эсрэг зөвлөмж нь шүүмжлэлд өртсөөр ирсэн Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамт өнгөрсөн аравдугаар сард сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр халдвар аваад эдгэсэн юм.
Трампын хамгийн итгэлтэй өмгөөлөгч нь гэж үздэг Жулиани энэ жил 76 настай. Түүнийг Вашингтон дахь Жоржтауны их сургуулийн эмнэлэгт хүргэсэн тухай Нью-Йорк Таймс болон АВС news мэдээлжээ.
Нью-Йорк хотын дарга байсан тэрээр халдварын онош, биеийн байдлынхаа талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ хувийн Твиттер хуудсаараа Ерөнхийлөгчийн мэдэгдэл, талархлыг хуваалцжээ. Хэзээ цар тахлын халдвар авсан болон шинж тэмдэг хэрхэн илэрч байгаа зэрэг нь тодорхойгүй байна.
АНУ-ын 15 сая орчим иргэн коронавирусийн халдвар авсан ба 300,000 орчим иргэн нас барсан тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм.
Өнгөрөгч 11 дүгээр сарын гуравны өдөр болсон сонгуулийн дараа Трампын ялагдал хүлээсэн мужуудаар Жулиана аялсан байна. Аяллынхаа үеэр уулзалт хэлэлцээр зохион байгуулахдаа амны хаалт зүүлгүй, хоорондын зайг баримтлалгүй явжээ. Хамгийн сүүлд мэдэгдэж байгаагаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Жулиани сонгуулийн саналын хуудсыг луйвардсан гэх гомдлоо шүүхэд дахин гаргаж, Жеоржиа муж руу яваад ирсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.