Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэдийн 14 хоногийн гэрийн ажиглалтад аймгийн Тагнуул, ОБГ, МХГ, ЭМГ Цагдаагийн газар, тухайн сумын онцгой комисс, ӨЭМТ, багийн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Ингэхдээ гэрийн ажиглалтанд байгаа айл өрхүүдийн гадна тусгай тэмдэглэгээ нааж байгаа юм байна.
Улмаар Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛСАН байх аж.
Гэвч энэ бол хүнийг эрхийг зөрчсөн үйлдэл гэж олон нийт эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
Уг наалт, тэмдэглэгээг нааснаараа хүний эрхийг илт зөрчихөөс гадна ялгаварлан гадуурхалтыг бий болгож, тухайн хүний, өрх айлын нэр хүнд, цаашдын амьдрах нөхцөлд нь ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй муйхар үйлдлийг төрийн байгууллагууд гаргаж байна гэж олон нийт үзэж байна.
Дан ганц уг асуудал ч биш.
-Тусгаарлалтаас гарсан хоёр хүүхдийг орцноосоо хөөсөн,
-Тусгаарлалтаас оргосон иргэнийг уургалан барьж авахдаа зургийг нь нийтэд дэлгэсэн,
-Иргэдийг хоол, хүнсээ базааж амжаагүй байхад нь байраар нь тусгаарласан,
-Хөл хорио тогтоосон байрны оршин суугчдад эмнэлгийн туслалцаа үзүүлдэггүй...гэх мэтээр төрийн байгууллага, албаны хүмүүс өөрсдөө иргэдийн эрхийг зөрчсөн, айлгаж сүрдүүлсэн олон үйлдэл гаргаж байна. Харин энэ хууль бус, хүний эрх хэмжээг зөрчсөн олон үйлдлээ засч, залруулахыг иргэд, олон нийт хүсч, шаардаж байгааг уламжилъя!