Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяо тус улсын эрх баригч улс төрийн намын даргын албан тушаалд томилогджээ.
Үүнээс өмнө сенатчаар ажиллаж байсан Пакьяо өнгөрөгч лхагва гарагийн орой Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн "PDP-Laban" намын даргаар тангараг өргөсөн болохыг тус намын Гүйцэтгэх захирал Рон Мунсаяк мэдэгдсэн байна.
Энэхүү эрх мэдлийн шилжүүлэг нь Мэнни Пакьяо 2022 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн өмнөх бэлтгэлээ базааж буйн илрэл гэж зарим судлаачид үзэж байгаа юм. Энэ талаар Мунсаяк "Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярихад эрт байна. Бидний хүлээж байгаа зүйл бол эх орон нэгтнүүддээ илүү олон арга замаар туслах явдал. Сенатор Пакьяо гишүүнчлэлээ өргөжүүлснээр намд илүү их эрч хүчийг авчрах болно" хэмээн тэмдэглэжээ.
Пакьяогийн сенатчийн бүрэн эрхийн хугацаа нь 2022 онд дуусах бөгөөд тэр үед Филиппинд шинэ Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудыг сонгох бүх нийтийн сонгууль болох билээ. Тэрээр Сенатад дахин нэр дэвших, эсвэл өөр албан тушаалд нэр дэвших боломжтой юм.
Харин Мэнни Пакьяо өөрөө энэ талаар хараахан үзэл бодлоо илэрхийлээгүй байгаа хэдий ч тангараг өргөснийхөө дараа зөвхөн Филиппиний ард түмний төлөө зүтгэх болно хэмээн амласан байна. Тэрээр "Бид ядуу буурай, ажилгүй, орон гэргүй, дуу хоолойгүй, итгэл найдвар тасарсан хүмүүсийн төлөө тэмцэх болно. Энэ бол Мэнни Пакьяогийн удирдлага доорх "PDP-Laban" нам байх болно" гэжээ.
Эх сурвалж: DPA
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.