Японы нэрт зохиолч Харуки Муракамигийн нэрэмжит номын сан 2021 онд Токиод нээгдэхээр болжээ.
Архитектурч Кенго Кума Муракамигийн суралцаж байсан Васеда их сургуулийн нийтийн номын сангийн зураг төслийг гаргаж байгаа гэнэ. Уг номын санд зохиолчийн хувийн архиваас гадна түүний цуглуулсан хэдэн арван мянган пянзыг байрлуулах аж.
"Муракамигийн номын сан" эсвэл мөн "Васедагийн олон улсын утга зохиолын ордон" гэж нэрлэгдэх энэхүү номын сан нь Цубоушигийн дурсгалын театрын музей байрладаг барилгын шинэчилсэн өргөтгөл байх юм. Мураками Васеда их сургуульд драмын чиглэлээр суралцдаг байхдаа тус театрын музейд ихэнх цагаа өнгөрөөдөг байсан байна.
Түүнчлэн тус байгууламж албан ёсны, нам гүм номын сангийн оронд илүү чөлөөтэй соёлын төв болох юм. Муракамигийн хэлснээр энэ нь "Амьдрал дүүрэн номын сан" байх гэнэ. Архитектурч Кума энэ талаар "Энд оюутнууд Харуки Муракамигийн утга зохиолын ертөнцтэй танилцахаас гадна уран зохиолын ирээдүй, магадгүй дэлхий ертөнцийн талаар ч эргэцүүлэн бодох боломжтой. Хүмүүс кофе уунгаа ийм зүйл бодож болох энгийн нэгэн соёлын төв болно гэсэн найдлагатайгаар энэхүү байгууламжийг төлөвлөж байна" хэмээн хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлжээ.
Эх сурвалж: Literary Hub
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.