Дэлхийн шилдэг багшийн шагналыг энэ жил Энэтхэгийн жижиг тосгоны багш охидын боловсролын төлөө хийсэн хөдөлмөрөөрөө хүртжээ. Ранжитсинх Дисаль 12,000 багшийн дундаас дэлхийн шилдэг багшаар шалгарснаар нэг сая ам.долларын шагналыг авч байна. Гэвч тэрээр шагналын мөнгөнийхөө тэн хагасыг бусад өрсөлдсөн багш нартайгаа хуваах шийдвэр гаргажээ.
Дисаль нь Зилла Паришад бага сургуульд багшилдаг. Түүний ажилладаг Махараштра мужийн Паритевади тосгон ган гачиг ихтэй, ядуу буурай, халуун цаг агаартай ажээ. Энэ жил ердөө 32 настай Дисаль “энэ хүнд хэцүү үед сурагч бүртээ хийж чадах хамгийн сайн зүйлээрээ тусалж, сайн боловсрол эзэмших эрхийг нь хангах хэрэгтэй” хэмээн ярьсан байна. Мөн багш нар үргэлж бүгдэд өгч, тусалдаг учраас шагналынхаа мөнгөний талыг эхний 10 байранд шалгарсан бусад багштайгаа хуваах санааг гаргажээ.
Уралдааны шүүгч нарын баг түүний ядуу буурай охидыг сургуульд явах боломжоор хангахаас гадна охидыг эрт гэрлэх, сургууль завсардахыг бууруулж чадсан бодит үр дүнг өндрөөр үнэлсэн байна. Мөн тэрээр дэлхийн 83 улсад хүүхдүүдэд шинжлэх ухааны хичээл заадаг ажээ. Мөн хямралтай бүсэд байгаа залуусыг холбох олон улсын төслийг хэрэгжүүлдэг байна.
Варки сангаас шилдэг багшийг тодруулах уралдааныг зохион байгуулдаг бөгөөд тус сангийн үүсгэн байгуулагч Санни Варки ялагч шагналаа бусадтай хуваалцаж байгаа нь өгөх гэдэг зүйл ямар чухал болохыг дэлхий дахинд харууллаа хэмээн сайшаан магтжээ.
Сүүлийн шалгаруулалтад үлдсэн Итали, Бразил, Вьетнам, Малайз, Нигери, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Америк, Их Британи зэрэг есөн улсын шилдэг багшид тус бүр 45,000 ам.доллар шагнал очихоор болж байна. Энэ жил коронавируст цар тахал дэлхийн нийтийг хамарч багш сурагчид, боловсролын байгууллагуудад багагүй хүндрэл тулгарч байгаа тул Ковид-Баатар гэсэн шинэ шагналыг санаачилжээ.
Ковид-Баатарын шагналыг энэ жил үнэ төлбөргүйгээр цахим сүлжээнд математикийн хичээл зааж буй Их Британийн багш Жэми Фрост хүртжээ. Шагналыг 35,000 ам.доллар дагалдах юм байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэхээр мундаг залуу багш юм аа . Хүн бие,сэтгэл, зүрхээрээ ажиллана гэдэг л амжилтанд , зорилгодоо хүрч байгаа нь энэ дээ .Буян бүхэн дэлгэрэх болтугай