Арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос цуцалсан. Үүнээс болж нутаг буцахаар тийз нь баталгаажсан байсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох зэрэг хүндрэлүүд гарсан учраас ЭСЯ-дад чиглэл өгөөд байна. Өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэн хүндрэлд орсон байгаа мэдээллийг нэгтгэн авчээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Эдгээр иргэдийн нислэгийн зардлыг төр даах зэрэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гадаадад гацсан иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Ялангуяа санхүүгийн хүндрэлд орсон 544 иргэнд дэмжлэг үзүүлж эх оронд нь авчирсан байгаа. Эдгээр иргэдийг татахад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаатай нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг" гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо 2154 хүрээд байна. Тухайлбал, Европ тивээс 647 иргэн, Ази тивээс 1113 иргэн, Австрали тивээс 95 иргэн, Африк тивд 4 иргэн, Америк тивд 295 иргэн тус тус байна. Эдгээр иргэдийг нөхцөл байдалтайгаа уялдуулан ойрын хугацаанд 2-3 тусгай үүргийн нислэг хийх боломжийг судалж байгаа. Тэгэхээр арваннэгдүгээр сард нисэхээр тийз нь баталгаажсан байсан иргэд одоо үйлдэгдэх нислэгийн тэргүүн ээлжид хамрагдана гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.