Хүн төрөлхтний түүхэнд харгислал, хэрцгийллээрээ мөнхөрсөн Германы Нацист намын удирдагч Адольф Гитлертэй адил нэртэй Намиби улсын иргэн орон нутгийн сонгуульд сонгогджээ. 54 настай Уунона Адольф Гитлер Намибийн хойд хэсэгт орших Омпунджа хотын зөвлөлийн сонгуульд өрсөлдөн, 85 хувийн санал авч, ялалт байгуулсан байна.
Өөрийгөө Уунона гэж дуудахыг илүүд үздэг тэрээр Германы "Bild" мэдээллийн вэбсайтад ярилцлага өгөхдөө түүний аав нь Адольф Гитлерийг хэн байсан, ямар үзэлтэй хүн байсныг нь ойлголгүйгээр түүнд ийм нэр өгсөн гэж хэлжээ.
Намиби улс өмнө нь Германы колони байсан тул гудамж талбай, газар нутаг болон зарим хүмүүс герман нэртэй байх нь ердийн үзэгдэл аж.
Уунүна энэ талаар " Намайг бага байхад энэ бол миний хувьд жирийн л нэр байсан. Би том болоод л Адольф Гитлер гэгч хүн дэлхийг бүхэлд нь эрхшээлдээ оруулж, сая сая еврейчүүдийг алахыг хүсэж байсныг ойлгосон. Гэвч би ийм нэртэй байлаа гээд Ошана бүс нутгийг эзлэхийг хүсэж байгаа гэсэн үг биш. Мөн би дэлхийн ноёрхол руу тэмүүлж байна гэсэн үг ч биш" хэмээсэн юм.
Түүнээс яагаад нэрээ солиогүйг нь асуухад тэрээр хэтэрхий оройтсон байсан гэж хариулжээ. Түүнчлэн тэрээр олон нийтийн газар болон олон нийтийн сүлжээндээ бүтэн нэрээ ашигладаггүй бөгөөд зөвхөн албан ёсны баримт бичиг дээр ашигладаг гэнэ.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.