Английн баруун өмнөд хэсгийн Бристол хотын ойролцоох бохир ус цэвэрлэх байгууламжид дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алджээ.
Мөн уг дэлбэрэлтийн улмаас тав дахь хүн шархадсан хэдий ч түүний бэртэл нь амь насанд нь аюулгүй гэдгийг холбогдох бүс нутгийн цагдаагийн ахлах байцаагч Марк Рунакрес мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр цагдаагийн шалгалтын ажиллагаа анхан шатандаа явж байгааг тэмдэглэсэн хэдий ч энэхүү үйл явдал ямар нэгэн терроризмын шинж чанаргүй гэдгийг онцолсон юм.
Авоны гал унтраах аврах албанаас 11:22 цагт Лондон хотоос баруун зүгт 195 км зайд орших Авонмутын аж үйлдвэрийн бүсэд томоохон дэлбэрэлт болсон гэх дуудлагыг хүлээн авсан аж. Дэлбэрэлтийн газар байсан нэгэн гэрч цагдаа нар үйлдвэр рүү чиглэсэн замыг хааж, алга болсон хүмүүсийг нисдэг тэргээр хайж байсныг дурдсан байна.
Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү эмгэнэлт явдлын хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.