Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. (2020.12.04, 11:00 цаг)
Арванхоёрдугаар сарын 3-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 19680 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ойрын хавьтлын 600 гаруй хүнд хийсэн сорьцноос 12 хүнд коронавирус илэрчээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
Улаанбаатар хотод нийт долоон тохиолдол шинээр илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлын тав нь кластер халдварын ойрын голомт байсан бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байгаа аж.
Түүнчлэн Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг тохиолдол шинээр илэрчээ. Ийнхүү Улаанбаатар хотод коронавирусний нийт 96 халдвар бүртгэгдсэн бол Сэлэнгэ аймагт 193, Дархан-Уул аймагт 45 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийт халдварын есөн голомтод 4244 хүнийг хавьтлаар тогтоон тандалт судалгааг үргэлжлүүлж байна.
“Автобус 1” ОНӨААТҮГ-ын жолоочтой ойрын хавьтал болсон 17 хүнийг тусгаарласан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дурдлаа.
Тэрбээр “Автобусны жолоочийг арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарласан байсан. Нийтдээ ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтлын 400 гаруй хүний нэрийг тогтоон тандалт судалгаа хийж байна. Өнгөрсөн шөнөөс эхлэн PCR шинжилгээ авч эхэлсэн” гэлээ. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаас явсан маршрутаа мартаж санах, буруу мэдээлэхээс шалтгаалан халдварууд илэрч байгааг анхааруулсан юм. Халдвар илэрсэн иргэдийн амьдарч байгаа газрыг бид нар хэлэхгүй байгаа гэтэл зарим нэг иргэдийн амьдарч байгаа газрыг мэдсэнээр гэр орных нь цонхыг хагалах, гэрт нь оруулахгүй байх зэрэг ялгаврлан гадуурхах үзэл гаргахгүй байхыг иргэдээсээ хүсэж байна.