СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-04

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын Баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа

14:00 цаг

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалтыг гараа өргөж явуулах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргаж дэмжигдлээ.

Уг хоригийг энэ долоо хоногийн эхээр хуралдсан холбогдох байнгын хороод "хүлээж авах боломжгүй" гэж үзсэн тул уг дүгнэлтээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг санал хураалтанд оролцохгүйгээ илэрхийлж хуралдааныг орхин гарлаа. 

Ерөнхийлөгч хоригтоо дараах дөрвөн саналыг тусгасан байсан.

Үүнд: 

-Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,

-Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,

-Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,

-Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна хэмээн үзээд төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Ирэх оны төсөвт вакцин худалдаж авах мөнгийг зайлшгүй тусгах саналыг хэлж, төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж бусдыг нь ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд нэг их наяд 158 тэрбум төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцааж, 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломжтой.

Мөн уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хүртэлх хувь буюу нэг их наяд төгрөгийг ЖДҮ-ийн санд төвлөрүүлж, импортыг орлох ажлын байр бий болгож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

10:00 цаг

Улсын Их Хурлын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. 

Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсал /эцсийн хэлэлцүүлэг/, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг-дийг хэлэлцэх юм.

Харин үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.