ОХУ-ын "Спутник V" коронавирусийн эсрэг вакциныг 40 гаруй улс орон сонирхож байгааг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы үеэр мэдэгджээ.
Тэрээр "Дэлхийн хүн амын 50 гаруй хувийг төлөөлөх 40 гаруй орон "Спутник V" вакциныг сонирхож байна. Манай сан 1.2 тэрбум гаруй тун вакцины захиалга хүлээж аваад байгаа. Бид тэдний Энэтхэг, Хятад, Бразил, Солонгос, Аргентин болон бусад вакцин үйлдвэрлэдэг орнуудтай түншлэн эдгээр вакциныг үйлдвэрлэх болно" хэмээн зарласан юм.
Өнгөрөгч лхагва гарагт болсон Оросын вакцины НҮБ-ын цахим танилцуулгад 50 гаруй орны төлөөлөгчид оролцсон байна. "ТАСС" агентлагийн мэдээлснээр тус цахим арга хэмжээнд Умард Солонгос, Египет, Беларусь, Алжир, Катар, Энэтхэг, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Сингапур, Тайланд, Сири зэрэг 55 улсын төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
Тэдний олонх нь ОХУ-ын төлөөлөгчдөөс "Спутник V" вакцин, түүний үнэ болон бусад улс орон дахь үйлдвэрлэлийн талаар асуух боломжтой байсан аж. Энэ үеэр Кирилл Дмитриев вакцины нэг тун нь 10 ам.доллароос бага үнэтэй байна гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь бусад коронавирусийн эсрэг вакцинаас хямд тусаж байгааг онцолсон юм.
"Спутник V" вакцины туршилтын урьдчилсан үр дүнгээс харахад тус вакциныг тариулснаас хойш 42 дахь өдрөөс эхлэн вирусийн эсрэг үр нөлөө нь 95 хувийг давж байгаа аж. Гэхдээ үүний тулд тухайн хүн вакцины хоёр дахь тунгаа заавал тариулсан байх ёстой байна.
Эх сурвалж: TASS